MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Иргэдийг улаан өндөгнөөс болгоомжлохыг анхааруулж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Wednesday, 13 December 2006
БНХАУ-ын Хэ Бэй мужаас хүний эрүүл мэндэд хортой өндөг зах зээлд нийлүүлсэн нь тогтоогдсон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Монгол улсын тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж мэдээлсэн байна.

Тэдний мэдээлснээр, тус мужийн зарим тосгоныхон “Суданы улаан” хэмээх хямд үнэтэй тэжээлээр тахиа, галуугаа хооллон тэжээдэг бөгөөд өндгийг нь нутгийн тариачид “хортой” хэмээн нэрлэж хүнсэндээ ч хэрэглэдэггүй аж.

Мэргэжилтнүүдийн “Улаан зүрхэт” хэмээн нэрлэж буй дээрх өндгийг Хятадын үйлдвэр худалдааны яам 1000 кг-ийг хураан авч Хорио цээр, хяналт шалгалтын хүрээлэнгийн Хүнсний аюулгүй байдлын албаны шинжилгээнд өгөхөд нитрогений агууламжтай болох нь тогтоогджээ. Тодруулбал, 1 кг өндөг тутамд агуулагдаж буй нитрогений хэмжээ

0,137 мг юм байна.

“Нитроген хэмээх химийн бодис нь хүний биед орохоороо хорт хавдар үүсгэдэг” хэмээн МУИС-ын химийн тэнхимийнхэн ярьж байлаа.

“Суданы улаан” гэж нэрлэгдэх тус тэжээлийг нефтийн бүтээгдэхүүнд ашигладаг ба 1-4 гэсэн зэрэглэлтэй байдаг юм байна. Зэрэглэл нь ахих тусам өндөгний шар нь улаан болж түүнд агуулагдах хор нь хүчтэй болдог гэнэ.

“Одоогийн байдлаар, Бээжин хотын Хүнсний аюулгүй байдлын албанаас бүх супер маркетуудад хандан Хэ Бэйд үйлдвэрлэсэн “Улаан зүрхэт” өндгийг борлуулахыг хориглосон байна. Түүнчлэн Хэ бэйгээс Тиан Жинь хотод оруулахыг зогсоожээ. Мөн БНХАУ-ын Бөөний худалдааны зах зээлээс томоохон зочид буудлуудад уг өндгийг нийлүүлж байсан нь тогтоогдсон” гэж Тагнуулын ерөнхий газрын сэрэмжлүүлэгт дурьджээ.

Хятадын зах зээл дээр уг өндөг нь бусад тахиа, галууныхаас хямд байдгаас манай иргэд, наймаачид БНХАУ-аас эдгээр өндгийг оруулан худалдаалж болзошгүй талаар Мэргэжлийн хяналтын газраас холбогдох газруудад сэрэмжлүүлэг өгсөн байна.

“Иргэд гаднаас өндөг худалдан авахдаа юуны түрүүнд өндгийг гэрэлтүүлэн харах хэрэгтэй. Хэрвээ улаан өнгөтэй байвал хортой гэж ойлгож болно. Тиймээс хүнсний аюулгүй байдлын үүднээс дардасгүй,  ариун цэврийн гэрчилгээгүй өндөг худалдан авахгүй байхыг нийт хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч О.Ганбат хэллээ.

Түүнчлэн, худалдан авсан өндгийн уураг нь улаан өнгөтэй байвал даруй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдэх шаардлагатай гэж тэрээр нэмж анхааруулсан юм.