MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
Буддын сүсэгтнүүд түмэн зул барина Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Wednesday, 13 December 2006
Билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн 25 буюу энэ сарын15-нд Буддын шашны их тэргүүлэгч 2-р бурхан багш хэмээн нэрийдсэн Богд Зонховагийн таалал төгссөн өдөр тохиож буй учраас сүсэгтэн олон сэтгэл болон үйлдлээ ариун байлгах хэрэгтэй хэмээн Буддын шашны төвийн төлөөлөгчид мэдээллээ.

Богд Зонхова нь 14-р зууны үед амьдарч байсан бөгөөд 2500 гаруй жилийн өмнө Буддын шашныг үндэслэсэн Бурхан багшийн залгамжлагч гэнэ. Тэрээр “Бодь мөрийн зэрэг” хэмээх гэгээрэхүйн мөрийг заасан судрыг зохиож, Буддын шашинд шинэчлэл хийн дэлгэрүүлсэн нэгэн юм байна.

Монголчуудын дийлэнх хэсэг нь Буддын шашныг 1300 гаруй жилийн турш шүтсээр ирсэн аж. “Зулын 25” хэмээн нэрийдсэн энэ өдөр ямар ч хүний хийсэн буян хэд дахин арвиждаг. Нүгэл хийвэл мөн л үрждэг юм байна.

Шашны төлөөлөгчдийн онцлон хэлж байгаагаар, энэ өдөр хүн бүр эх болсон 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд залбирч, маанийн 6 үсгийг амандаа хэлж, амьтны амь тасдаж нүгэл үйлдэхгүйн үүднээс цагаан хоол идэн, сэтгэлээ ариун байлгаж бурхандаа зул өргөдөг ёстой юм байна.

“Их Дүйчин өдрөөр хүрээ хийдүүд сүсэгтэн олонд хандаж Богд ламын чого гэсэн тусгай хурлыг хурдаг. Энэ үед бурханд түм буюу 10 мянган зул барьдаг. Бид 4 дэх жилдээ сүсэгтэн олныг цуглуулан энэ өдрийг тэмдэглэж ирлээ” хэмээн Монголын буддист залуучуудын холбооны дарга П.Буджаргал хэллээ.

Зул бол харанхуйг үгүйрүүлэгч гэрэл. Харанхуйг хамаг муу муухай, ад зэтгэр гэж үздэг учраас эл өдөр хүн бүр сэтгэл дэх муу ёроо үлдэн хөөж буй бэлгэдлээр бурхандаа зул барих нь тустай байдаг гэж Буддын шашинтнууд итгэдэг аж.

Шашны их төв, Гандантэгчэнлин хийдэд Их Дүйчин өдрийн 7 цагаас эхлэн  сүсэгтнүүдийг хүлээн авч Богд ламын тахилгын зан үйл гэсэн тусгай судрын дагуу 800 лам хурал хурна гэж тус хийдийнхэн ярьж байлаа. 

Шинэчилсэн: ( Wednesday, 13 December 2006 )