| Хот төлөвлөлт нь тэргэнцэртэй иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна |
|
|
| Бичсэн: G. Odgarav | |
| Monday, 11 December 2006 | |
|
Тусгай зориулалтын явган хүний зам, гарц нийтийн болон хувийн барилгуудад
байдаггүйгээс шалтгаалан Улаанбаатар хотын тэргэнцэртэй иргэд нийгэмтэйгээ харьцахад
ихээхэн бэрхшээл тулгарч байдаг талаар тахир дутуу иргэдийн нийгэмлэгийн
удирдлагууд мэдэгдлээ.
“Хүн амын төвлөрөл хамгийн их байдаг нийслэл хотод өнөөдрийн байдлаар 2000-аад тэргэнцэртэй иргэн амьдарч байна. Гэвч бид эрүүл хүний нэгэн адил хүссэнээрээ зорчин явж чаддаггүй. Наад зах нь гэхэд гудамжинд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын зам алга. Бусдын адил автобус унаанд чөлөөтэй зорчих боломжгүй байна” гэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны Сүхбаатар дүүрэг дэх зөвлөлийн дарга С.Ганболд ярьлаа. Түүний хэлсэнээр, манай улсад тэргэнцэртэй иргэдэд зориулагдсан гарын 10 хуруунд багтах зориулалтын зам байдаг аж. Тухайлбал, ТИС, 3-4-р хороолол, Монголын хүүхдийн ордон руу явах машин замд байрладаг юм байна. Гэвч тэрхүү замын налуу нь хэт эгц, барих бариулгүй байдгаас ялангуяа өвлийн улиралд халтираад өгсөж явахад хүндрэлтэй байдаг гэсэн. Наад зах нь гэрээсээ гарч орох гээд бэрхшээл мунддаггүй аж. “Бид хүн болж төрсөн хойно нийгэмтэй харьцах өдөр тутмын шаардлага гардаг. Биеэ үзүүлэхийн тулд эмнэлэгт хандана, эрх ашгаа хамгаалуулахын тулд дүүрэг, хорооныхонтой уулзна, түүнчлэн дэлгүүрээр үйлчлүүлэх гэх мэт. Гэвч бидэнд зориулсан шат болон олон нийтийн газар бие засах газар байдаггүй. Энэ бүхэнд төрийн зүгээс анхаарал хандуулах цаг нэгэнтээ болсон” гэж Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих холбооны тэргүүн Ц.Энхтуяа хэлсэн юм.
Саяхан хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн чуулга уулзалт төрийн ордонд болж өнгөрсөн. Гэтэл төрийн ордонд нь
хүртэл тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, бие засах газар байгаагүй гэж
оролцогсод гомдоллож байсан гэнэ. Харин “Тусламжийн тэргэнцэр” сангаас Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр 2007 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дээрх асуудлыг шийдэхэд ихээхэн хувь нэмэр оруулах үүднээс 30-40 обьектод тусгай зам, шат хийхээр төсөл боловсруулж байгаа юм байна. Уг төслөө Засаг даргын тамгын газар танилцуулсан гэнэ.
“Барилга хот байгуулалтын яамнаас 2004 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөтийн нормаль” олон улсын стандартад нийцсэн баримт бичиг гаргасан. Гэвч түүнээс хойш 2 жил болсон боловч тэрхүү нормативд нийцсэн барилга баригдахгүй байна. Тиймээс бид энэхүү төслөө боловсруулж байна” гэж тус сангийн тэргүүн Т.Бадамгарав ярив.
Төслийн хүрээнд тэргэнцэртэй иргэдийн өдөр тутам хандах шаардлагатай байдаг дүүрэг, эрүүл мэндийн төв, их дунд сургууль, төрийн байгууллагууд зэрэг 30-40 обьектод үзлэг хийжээ. Түүнчлэн 2005-2006 онд үйлчилгээний зориулалтаар ашиглалтанд орсон 10 гаруй барилгаас мониторинг хийхэд тухайн нормативийг тусгаж өгөөгүй байсан байна.
“Нэг жижиг зам хийхэд дунджаар 5 сая төгрөгийн төсөв шаардлагатай байдаг. Тухайн зам нь тэрэг багтах 80 см-н өргөнтэй, 10 градусын налуутай, дээш өгсөхөд барих бариултай байх ёстой. Түүнчлэн бид Олон улсын нисэх онгоцны буудал, төмөр замын буудалд зориулалтын ариун цэврийн өрөө барихаар төлөвлөж байгаа” гэж тэрээр нэмж хэллээ. “Сүүлийн үед олон нийтийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний зориулалтаар баригдаж буй Барилга хот байгуулалтын яамнаас баталсан нормативд хэр нийцэж буйг Мэргэжлийн хяналтын газрынхан хянан шалгах ёстой. Харин оноос өмнө яамнаас авто болон явган хүний замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явах боломжийг хангах зорилгоор 2 төрлийн стандартыг боловсруулна” гэж Барилга хот байгуулалтын яамны Барилга орон сууц нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мягмар мэдээлсэн юм. |







