MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
УИХ-аар Боловсролын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж батлав Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Monday, 11 December 2006
Боловсролын тухай багц хуулиар төрийн сангаас суралцаж, мэргэжсэн багш нарыг орон нутагт ажиллуулах мөн суралцагчийн эрхийг зөрчсөн багш, албан тушаалтанд торгууль ноогдуулахаар болжээ.

"Шинэ хууль нь багш нарын нийгмийн халамжийн асуудлыг илүү анхаарсан хууль болсон бөгөөд хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд илүү олон багш ажилтанг татахад чиглэгдсэн хууль юм," гэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Р.Мөнхжаргал ярив.

Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 43.1.4-р заалтад, "Хэрэв бүх түвшний сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил багшилсан, үүнээс 10 жил нь хөдөө орон нутагт багшилсан багшийг тэтгэвэрт гарахад нь түүний 18 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгуулллага нэг удаа олгоно" гэж заасан байна.

Р.Мөнхжаргал Даваа гарагт МонИнфод ярихдаа "Мөн хуулиар төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн багш, боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтныг хөдөө орон нутагт томилон ажиллуулах нь төрийн нэг үүрэг болсон байгаа," гэж ярьж байлаа.

УИХ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, гишүүд Боловсролын тухай, Бага, Дунд боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Баасан гарагийн хуралдаанаар баталсан.

Засгийн газар болоод УИХ-ын зарим гишүүд тус багц хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилсан бөгөөд Баасан гарагийн нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр тус хуулийг баталжээ.

"Боловсролын сургалтын байгууллага суралцагсадыг ялгаварлан гадуурхах, бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэл оногдуулах, дарамт үзүүлж, хүчирхийлэхийг хориглоно," гэж шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 42.6 -д заажээ.

"Яамнаас ажлын хэсэг томилогдож багшийн ёс зүйн дүрмийг боловсруулж байгаа," гэж Мөнхжаргал хэлэв.

"Суралцагчид сэтгэл санаа, бие махбодийн шийтгэл оногдуулсан, мөнгө өгөх, ном, бүтээгдхүүн худалдаж авахыг тулгаж дарамт үзүүлсэн, сурагчийн хувийн нууц задруулсан багшийг 10,000-30,000 төгрөгөөр, албан тушаалтныг 40,000-60,000 төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг мөн хуулийн 48.2.6-д оруулсан юм.

"Шинэ Монгол" Ахлах сургуулийн Захирал Ж.Галбадрах "Боловсролын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа, гэхдээ сургууль бүр өөр өөрийн онцлогт тохирсон, илүү дэлгэрэнгүй хичээлийн хөтөлбөрийг боловсруулж чадахуйц тийм уян хатан хичээлийн агуулга хөтөлбөртэй болох хэрэгтэй байна,"

"Хичээлийн агуулга хөтөлбөрийн хувьд зөвхөн БСШУ-ны сайдын 330-р тушаалын дагуу явна гэх юм бол энэ нь тийм академик байж чадахгүй юм," гэж ярив.

Мөн шинэ батлагдсан хуулиар урлаг спортын хувьд авьяастай мөн онц сайн суралцсан суралцагч Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авч болох нь.