| Хүн бүр өөрийн эрх зөрчигдөж байгаа талаар цаасан дээр буулгана |
|
|
| Бичсэн: G. Odgarav | |
| Friday, 08 December 2006 | |
|
Олон улсын хүний
эрхийн өдөрт зориулан энэ Ням гарагт “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас
эрх нь зөрчигдөж буй хэнд ч өөрийн үзэл бодлоо цаасан дээр илэрхийлэх боломжийг
олгох гэж байна.
“Хүн байх эрх, хүнийг хүндэтгэе” гэсэн уриан дор тэмдэглэх 12 сарын 10-ны энэ өдөр хүнс болон эмийн хэрэглээний аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа зэрэг бусад асуудлаар хэн ч өөрийн санал бодлоо илэрхийлж болох нь. “Хэн ч ямар ч асуудлаар үзэл бодлоо энэ өдөр илэрхийлж болно. Бид өнөөдөр хүний амьдралд зөрчигдөж буй асуудлаар холбогдох албан тушаалтанд загвар захидал бичнэ. Улмаар хүмүүс тухайн захидалтай танилцаж үзээд санал нэгдвэл гарын үсгээ зурна. Тухайлбал, бидний зүгээс Эрүүл мэндийн яамны сайд Л. Гүндалайд захидал, уриалгыг бичсэн байгаа. Мэдээж эрүүл байхыг хүссэн хүн бүр энэ уриалгад нэгдэн гарын үсэг зурж л таарна шүү дээ” хэмээн Монголын Эмнести Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б. Алтантуяа ярьж байлаа. Мөн тэрээр, “Бидний бичсэн загвар захиа нь ихэвчлэн эмийн болон хүнсний аюулгүй байдлын талаар байгаа. Бүх хүнийг захидал бичиж эрхээ хамгаалаарай гэж уриалмаар байна” гэсэн юм. Хүний эрхийн тус байгууллага нь гарын үсгээр нэгдэх ийм аяныг жил бүрийн хүний эрхийн өдрөөр зохион байгуулдаг аж. Урьд өмнө нь зохион байгуулсан ажилд нийт 438 хүн эрх нь зөрчигдөж байгаа талаар цаасан дээр буулгаснаас 315-ыг нь холбогдох албан тушаалтан, байгууллагад уламжилж шийдвэрлэсэн байна. “Манай байгууллага хүн барьцаалах, цаазаар авах, эрүүдэн шүүх зэрэг асуудалд өргөн хэмжээгээр оролцдог. Жилд 100 гаруй хүн санал хүсэлт, гомдлоо биднээр шийдвэрлүүлэх үүднээс хандаж, улмаар бид улс орны ерөнхийлөгч, УИХ, сайд нарт уламжилдаг” гэж уг байгууллагын ажилтнууд хэлэв. Тэдний ярьсанчлан, энэ байгууллага нь хүний эрх хамгаалагчид болон эмэгтэйчүүдийн эрхийн талаар судалгаа явуулж байжээ. Судалгаанд сэтгүүлч, прокурор, шүүгч, өмгөөлөгч, хүний эрхийн байгууллагын ажилтнуудын эрх илүүтэйгээр зөрчигддөг нь тогтоосон юм байна. |







