MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Малчид авах ёстой 50,000 эрчим хүчний цахилгаан үүсгүүрээ гүйцэд авч чадаагүй байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Thursday, 07 December 2006
Саяхан Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2000-2010 он хүртэл хэрэгжүүлж буй “100,000 Нарны гэр” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд шалгалт хийжээ. Тайлангаас үзэхэд, санхүүжилтийг зарцуулах ёстой зүйлд зарцуулаагүй, санхүүгийн баримт материал дутуу, холбогдох газрууд малчдад зорилтот тоо хэмжээнд хүртэл цахилгаан үүсгүүр нийлүүлээгүй, хяналт тавиагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Одоогоос 7 жилийн өмнө Засгийн газрын 158-р тогтоол батлагдаж, 2000 онд хэрэгжих төслийн 1-р үе шатанд малчид, хөдөө орон нутгийн өрхүүдийг 5,000, 2001-ээс 2005 оны хугацаанд 45,000 цахилгаан үүсгүүрээр хангах зорилт тавьсан байна. 2005-2010 онд буюу төслийн эцсийн шатанд үлдсэн нийт 50,000 ширхэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр малчин өрхүүдийг хангах зорилттой байжээ.

“Гэтэл 1-р үе шатанд төлөвлөсөн цахилгаан үүсгүүрийн 20%-аас бага буюу 740 ширхэгийг, дараагийн үе шатанд малчдад өгөхөөр төлөвлөсөн 45,000 цахилгаан үүсгүүрийн 31790 ширхэгийг л орон нутгийн өрхүүдэд хүртээсэн байна. Бидний дүнгээс харахад эхний 2 шатны зорилт 65,0 хувиар л биелсэн байна” гэж Монгол улсын Ерөнхий Аудитор Л.Жавзмаа Пүрэв гарагт МонИнфод ярьсан юм.

Аудитын тайлангаас үзвэл, орон нутагт хүргүүлсэн цахилгаан үүсгүүрийг захиалгын дагуу гэрээ байгуулж олгоогүй, тус өртөг өндөртэй тоног төхөөрөмж авах ёсгүй байсан өрхүүдэд олгосон зэргээр хяналтгүй түгээжээ. Баян-Өлгий аймгийн төв болон бусад сумдад цахилгаан үүсгүүрийг баримтгүй тараасан нь Засгийн газрын энэхүү зүйл малчдад хүрсэн эсэх нь тодорхойгүй болгож байна гэж аудитынхан үзэж байгаа аж. Мөн зарим УИХ-ын гишүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төслөөс цахилгаан үүсгүүр авч аймгийн Засаг даргын тамгын газраар дамжуулалгүй тараасан зэрэг зөрчил илэрчээ.

“Түүнээс гадна хөтөлбөрийн санхүүжилтээс зориулалтын бус зүйлд зарцуулсан, эргэж төлөгдөх нөхцлөөр олгосон зарим зээл бүрэн төлөгдөөгүй байгаа” гэж Жавзмаа ярив.

Үндэсний Аудитын газраас хийсэн дээрх тайлангаас харахад, “100,000 Нарны гэр” хөтөлбөрийн хэрэгжилтэнд зориулан 2001-2005 онд улсын төсвөөс нийт 465,3 сая төгрөг зарцуулжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн тайлагнал, санхүүгийн баримт материалаас үзэхэд 8,8 сая төгрөгийг тэр үеийн Дэд бүтцийн яамны байрны гаднах гэрэлтүүлгийг хийхэд зарцуулсан гэх мэт олон зөрчлүүдыг дурьдсан байна.     

Мөн түүнчлэн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төслийн үйл ажиллагаанд хараат бус хяналт шалгалт хийгдээгүй зэргийн талаар ч Үндэсний аудитын газрынхан ярьж байсан.

“Аймгуудын аудитын газраас хийсэн шалгалтын үр дүн буюу дээрх илэрсэн зөрчил, дутагдлыг тодорхой тэмдэглэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд анхаарч ажиллах, зөвлөмж өгсөний дээр энэ доголдлыг арилгуулахаар Аймгийн засаг дарга нарт албан шаардлага тавьсан” гэж Л..Жавзмаа хэллээ.
Шинэчилсэн: ( Friday, 08 December 2006 )