| Монголын хамгийн том ноолуурын компани хувьчлагдлаа |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Thursday, 07 December 2006 | |
Ноолууран бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч компаниудаас хамгийн том нь болох “Говь” компанийг хувьчлах тендерт
ялсан байгууллагуудыг Пүрэв гарагийн өглөө зарлалаа. Японы “Тошисокэ” Хөрөнгө
оруулалтын банк болон “Эйч Эс Секюрити” нарын хамтарсан консорциум
өрсөлдөгчөөсөө 350,000 ам.долларын илүү үнийг санал болгон ялагчаар тодорсон
байна.
“Говь” компанийн төрийн мэдэлд байдаг 73,47 хувийг (5,730,198 ердийн хувьцаа) эзэмших энэхүү олон улсын нээлттэй тендерт хоёрхон консорциум оролцсон билээ. Тендерийн ялагчийг зарласны дараахан ялсан консорциумын төлөөлөгч “’Говь’ компанийн үр өгөөж жилээс жилд өсөн нэмэгдэнэ гэж бид найдаж байгаа. Манай консорциум ‘Говь’ компанитай удаан хугацааны турш харилцаатай байсаар ирсэн. Бид тус компанид шинэ техник, менежмент оруулж ирэх хөрөнгө оруулалтыг хийнэ. Энэ байгууллага хамгийн анх Япон улсын компанийн дэмжлэгтэйгээр бий болсон билээ. Бид энэ тендерт ялсандаа маш их баяртай байгаа” гэж ярьсан юм. Засгийн газар дундаж үнийг 12,2 сая ам.доллараар тогтоож, Японы хөрөнгө оруулалттай “Тошисокэ” банк болон “Эйч Эс Секюрити” корпорацийн хамтарсан консорциум 13,85 сая ам.доллар, харин түүний өрсөлдөгч “BIJ” консорциум 13,5 сая ам.доллар санал болгосон байна. “’Говь’ компанитай өмнө нь хамтран ажиллаж байсан мэргэжлийн байгууллагууд бодит үнийг санал болголоо. Төрийн өмчийн хороо ч энэ үнийг ‘Говь’ компанийн төрийн эзэмшлийн хэсэгт таарсан шударга бөгөөд бодит үнэ гэж үзэж байгаа. Төрийн өмчийн хороо 2 тэрбум ам.доллар буюу санал болгосон үнээсээ давуулан авахаар болж байгаа нь сайн хэрэг юм” гэж ТӨХ-ны Бүртгэл, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б. Сүхбаатар ялагчийг зарлах ёслолын ажиллагааны үеэр МонИнфод мэдээллээ. “Ялагч консорциум ‘Говь’ компанийн бүтээгдэхүүнийг Монголын брэнд бүтээгдэхүүн болгох тал дээр техникийн тодорхой зорилтуудыг санал болгосон” гэж Сүхбаатар нэмж ярьлаа. Ялсан консорциумын бизнесийн төлөвлөгөөгөөр бол эхний жилдээ 2 сая ам.доллар хөрөнгө оруулах бөгөөд ирэх гурван жилд хийх хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 12 сая ам.доллар байх гэнэ. Сүхбаатар хэлэхдээ тус консорциум өрсөлдөгчөө бодвол хавьгүй нарийн төлөвлөгөө гаргасан гэв. Мөн тэрээр, “BIJ консорциумын техникийн санал ч мөн сайн байсан. Гэхдээ тэд ялагч болсон байгууллагуудын адилаар ялангуяа брэнд бүтээгдэхүүн болгох тал дээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаагүй. Гэсэн хэдий ч BIJ консорциум нь ажилчдын нийгмийн асуудлуудыг сайжруулах болон хөрөнгө оруулалтын тухайд нарийн саналыг боловсруулсан” гэж ярьсан. “Говь” корпорацийг хувьчлах тендерт өрсөлдөх гурван консорциум байсан боловч “Мон Ит” консорциум цагаасаа хоцорч ирсэн учраас тэдний материалыг хүлээн аваагүй гэж ТӨХ мэдэгдэв. |
|
| Шинэчилсэн: ( Thursday, 07 December 2006 ) |








