| Баянзүрх дүүргийн иргэд дахин хордохооргүй боллоо |
|
|
| Бичсэн: G. Odgarav | |
| Tuesday, 05 December 2006 | |
|
Онцгой байдлын
Ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг
нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороонд орших “Мавсэн” компаний байрнаас
хүний биед хортой химийн бодисыг олж, Сонгинохайрхан дүүргийн “Реактив” хэмээх
нэртэй химийн агуулахад шилжүүлсэн байна.
“Энэ сарын 2-ны өдөр ГЕГ-ын шинжилгээний хариу гарч тухайн үйлдвэрийг үйлдвэрлэлийн зориулалттай, хүний биед хүчтэй үйлчилгээтэй хорт бодис ашиглаж байсныг тогтоосон”, Мөн, “Улмаар 3-ны өдөр ‘Химийн хорт бодисын ашиглалтыг зохицуулах Үндэсний хороо’-ны хурлыг Байгаль орчны сайд И. Эрдэнэбаатар хуралдуулж, хорт бодисыг өөр тийш нь шилжүүлэн хянан шалгах, устгах тухай зөвлөмжийг гаргасан. Одоогоор бусад газрын шинжилгээний хариу гараагүй байна” гэж ОБЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Л. Даваахүү МонИнфод мэдээлэв. Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу НОБГ, УМХГ, ТЕГ Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр дэх “Реактив” компанийн захирал Ц.Батсүхэд цэнхэр савтай бодис 125 ширхэг, хүрэн шилтэй бодис 37 ширхэг, “NAOH” гэсэн бичигтэй нунтаг бодис 160 ширхэг, цагаан ууттай бодис 139 ширхэг бүхий химийн хорт бодисуудыг хүлээлгэн өгчээ. Онцгой байдлын Ерөнхий газрынхны ярьж байгаагаар, дээрх компанид ажиллаж байсан нэг хүн хорт бодисоос болж амиа алдсан гэх мэдээллээр ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд гарах эрсдлийг тооцоолжээ. Өнгөрөгч сарын 27-нд тус компаний үйл ажиллагааг зогсоож, тухайн обьектод байгаа химийн бодисоос дээж аван Геологийн төв лаборатори, УМХГ, Химийн хүрээлэнгийн лаборатори, ГЕГ-ын лаборатори зэрэг газарт илгээсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Пунцаг хэлэхдээ хорт бодис оршин суугчдад хэрхэн нөлөөлж буйг шалгахаар нийт 200-гаад хүнд эмчийн үзлэг хийсэн гэлээ. “Ерөнхийдөө үйлдвэрээс 60 метрт орших айлын 20 гаруй хүний нүүр, нүд хавдан улайх, бие загатнан харшил өгсөн шинж илэрсэн байв. Бид тухайн хүмүүст хөнгөн хэлбэрийн хордлого хэрхэн тайлах зөвлөмжийг өгсөн,” гэж ярив. Харин үзлэгт хамрагдагсдын дунд хорт бодисоос болж даралт ихсэх болон зүрх судасны хууч өвчин нь хөдөлсөн 3 хүнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Энэ бүх үзлэгийн үр дүнд тус үйлдвэр нь хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг тогтоон, химийн бодисуудыг уг газар нутгаас зөөвөрлөх зөвлөмжийг гаргасан аж. Пунцагийн ярьж байгаагаар, уг химийн бодисоос гүн хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гараагүй гэнэ. Хэрвээ зайлшгүй хордсон бол тэр бүхнийг хариуцдаг Хордлогын төв рүү хүмүүс хүргэгдэн очих байсан аж. “Бид тэрхүү үйлдвэрийн ойр орчимд буюу тухайн голомтоос 50-60 алхмын дотор явахад хоолой хатаж, нүд хорсч байснаас гадна ялааны хор шиг үнэр үнэртэж байсан. Ерөнхийдөө хүмүүст тухайн үйлдвэрийн хорт бодис нь бага зэрэг нөлөөлж хоолой нь хатаж, арьс нь загатнах гэх мэт шинж тэмдэг илэрсэн байсан. Гэвч одоогоор өрхийн эмнэлэгт хандсан хүн алга” гэж Баянзүрх дүүргийн 10-р хорооны өрхийн эмнэлгийн сувилагч Д. Мөнгөнцэцэг ярьлаа. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3 хүний биеийн байдал сайн байгаа талаар тус тасгийн эмч нар хэлж байсан. “Анх манай эмнэлэгт ирэхэд дээрх хүмүүсийн нүд хорсч, ам нь хатсан байдалтай байсан бөгөөд үндсэндээ даралт болон зүрхний хууч өвчин нь хөдөлсөн байсан” гэж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Я. Нэргүй хэллээ. Энэ талаар тухайн дүүргийн харъяа цагдаагийн хэлтэст хандахад хуулийн зүгээс арга хэмжээ авч болно, харин одоохондоо тайлбар хийх боломжгүй гэсэн юм. “Бид эрүү үүсгэн шалгаж байгаа учраас одоогоор тодорхой дүгнэлтэнд хүрээгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэж албаны хүн МонИнфод ярьсан юм. |
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 06 December 2006 ) |







