MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийг хэлэлцэнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 05 December 2006
Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хууль болон бичил уурхайн хуулийн төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэх байсан боловч хуралдаан түр хойшлогдов гэж тус байнгын хорооны референт хэлэв.

Ямартай ч Эдийн засгийн байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэнэ гэв.

Үйлдвэр Худалдааны яамны Геологи, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн Б.Билэгбаяр “2005 онд нинжа гэж бидний нэрлэж заншсан ашигт малтмал гар аргаар олборлогчид болоод төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан,” гэж ярив.

“Хэлэлцүүлгийн үеэр тэдний илэрхийлж байсан санал болон асуудлууд дээр үндэслэн ажлын хэсэг энэхүү хуулийн төслийг боловсруулсан,” тэрээр МонИнфод ярьсан юм.

Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийн төсөлд гар аргаар ашигт малтмал олборлогчид гар аргаар олборлолт хийх зорилгоор орон нутгийн захиргаа, лицензтэй компани болон нинжа нараас бүрдсэн сайн дурын, хамтын ажиллагаан дээр үндэслэсэн нөхөрлөл байдлаар тодорхойлогдсон бөгөөд тэднээс албан ёсны бүртгэл шаардахгүй гэж хуулийн төсөлд заажээ.

Орон нутгийн захиргаа эдгээр нөхөрлөлийг хянах болно. Мөн хуулийн төслийн 9-р зүйлд ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр лицензтэй компани буюу тухай лиценз эзэмшигчийн зөвшөөрсөн хэсэгт олборлолт хийх, мөн лиценз авсан компанийн буцааж хүлээлгэн өгсөн газар дээр орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авч ашигт малтмал олборлох болно гэсэн хоёр хэлбэрээр гар аргаар ашигт малтмал олборлогчдод нэгж талбай олгохоор заажээ.

Гар аргаар ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн нэг гишүүнд зөвшөөрөгдөх газрын хэмжээ 0.005 га байх бөгөөд нэг хамтын ажиллагааны нөхөрлөлд 0.5 га-с дээшгүй газар олгогдоно гэж тус хуулийн төслийн 10.2-д заасан байна.

“Энэ хуулийн үндсэн зорилго бол тэдгээр нинжа нарыг бүртгэлжүүлэх; яагаад гэвэл ашигт малтмалын олдоц ихтэй газар руу нүүгээд явчихдаг, ялангуяа зуны улиралд ийш тийшээ яваад өгдөг, хэн нь хаана ажиллаж байгаа нь мэдэгддэггүй,” гэж Билэгбаяр ярьж байлаа.

“Тэдэнд нийгмийн, эрүүл мэндийн халамж үзүүлэхийн тулд бид тэднийг эхлээд бүртгэх шаардлагатай болно. Тэд үр хүүхдээ сургуульд явуулах, цагдаа сэргийлэх, төрийн хамгаалалтад хамрагдахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн,” гэж нэмж ярив.

Ашигт малтмал гар аргаар олборлогч бидний нэрлэж заншсан нинжа нарын тоо сүүлийн жилүүдэд ойролцоогоор 250 000 –д хүрээд байгаа бөгөөд тэд нийт Монгол улсын 21 аймгийн 16-д нь гар аргаар ашигт малтмал олборлодог гэсэн статистик, тоо байдаг байна.

Энэхүү хуулийн төслийн Үйлдвэр худалдааны яам Засгийн газрын кабинетийн 8-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар оруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Энэ нинжа нарыг уул уурхайн жижиг дунд компаниуд өөрсдөө бий болгож байна. Орон нутагт ажилладаг компаниуд хөрс боловсруулах технологи муутай байдаг. Тэгээд мэдээж газрын нөхөн сэргээлт гэж байдаггүй. Сэргээгдээгүй үлдсэн газар дээр нь гар аргаар алт олборлох үндэс тавигддаг. Үүний тод жишээ бол Заамар юм гэж Монголын Ажил олгогч Эздийн холбооныхон ярьж байсан.

Билэгбаяр хэлэхдээ “Газрын нөхөн сэргээлт нь орон нутгийн засаг захиргаа, лицензтэй компани болон гар аргаар ашигт малтмал олборлогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээгээр зохицуулагдана” гэв.

Мөн тэрээр “Энэхүү хууль нь орон нутгийн захиргаанд эрх мэдэл олгож байгаагаараа онцлог” гэж хэлэв.