MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
12 сарын 5, 2006 Хэвлэ Имэйл
Бичсэн: Luke Distelhorst   
Tuesday, 05 December 2006
Гурван цахилгаан станц баригдана

Хятадын ‘Улсын Цахилгаан Сүлжээ Корпораци’-ийн төлөөлөгчид, Түлш Эрчим Хүчний сайд Б. Эрдэнэбат нар нүүрсний гурван ил уурхай болон цахилгаан станцын цогцолбор барих тухай төслийг Ерөнхий Сайд М. Энхболдод танилцууллаа. “6х600 МВт хүчин чадалтай цахилгаан станц, тус бүр 3600 МВт хүртэлх хүчин чадалтай хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах асуудлыг судалж байгаа. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар. Үүнээс цахилгаан станцад 1,6 тэрбум ам.доллар, Шивээ-Овоогийн уурхайн өргөтгөлд 500 сая ам. доллар, цахилгаан дамжуулах шугам, холбогдох дэд станц, тоног төхөөрөмжинд 900 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гараад байна” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. (Үнэн)

Ерөнхийлөгч төсвийн хуульд хориг тавих нь гарцаагүй гэнэ

Парламентын гадна ч, дотно ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан 250 сая төгрөг зүсээ хувирган сайд нарын багцад багтаж батлагдсан билээ. Ерөнхийлөгчийг ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад ирэхэд нь 2007 оны төсвийн тухай хууль түүнд өргөн баригдана. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь гарцаагүй гэж Тамгын газрын албаны эх сурвалж өгүүлж байна. Хуульд зааснаар бол ажлын тав хоногтоо багтаан хориг тавигдах учиртай. Авилгатай тэмцэнэ гэж сүүлийн үед дориухан дуугарах болсон Ерөнхийлөгч Н. Энхбаяр гишүүн бүрт шууд бусаар хуваарилсан 250 сая төгрөгийн авилгыг таслан зогсоох биз ээ. (Ардын Эрх)

 

Сүмийн барилгад гарсан галаас болж нэг хүн нас баржээ

Өчигдөр, Хил хамгаалах ерөнхий газрын хойно байрлах Христийн сүмийн байранд гал гарлаа. 10, 63-р гал унтраах ангиуд галыг унтраасан хэдий ч тэр үеэр нэр, хаяг нь үл мэдэгдэх нэгэн эрэгтэй хүн нас барсан гэсэн мэдээлэл харъяа дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. Өнгөрөгч Баасан гарагт мөн Замын-Үүдэд байсан галт тэргэнд гал гарсан нь шинэ жилийн холбогдолтой бараа зөөвөрлөж явснаас болсон гэдэг нь тогтоогдсон билээ. Цаашдаа ч мөн ийм төрлийн гал гарч болзошгүй хэмээн Онцгой байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна. (Өдрийн Сонин)
Шинэчилсэн: ( Tuesday, 05 December 2006 )