| Хориотой зүйл тээвэрлэж явснаас вагонд гал гарчээ |
|
|
| Бичсэн: G. Odgarav | |
| Monday, 04 December 2006 | |
|
Энэ сарын 1-нд Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн
зургадугаар зам дээр бараа зөөвөрлөж явсан 700716 тоот ачааны галт тэргэнд гал
гарсан гэж төмөр замын албаны зарим хүмүүс Даваа гарагт мэдээллээ.
Ачааны галт тэрэг уг өртөөний ачаа буулган шилжүүлэх байгууламжийн хашаанд байх үед дээврийн хэсэг болон ачиж явсан эд зүйлийн хагас нь шатжээ. Замын-Үүдийн гал унтраах ангийнхан галыг унтраасан бөгөөд галаас болж гэмтэл бэртэл гарах, хүний амь эрсдэх хэрэг гараагүй байна. “Уг вагон нь зулхай болон силфонон материал ачих бичгийн зөвшөөрөлтэй явж байсан боловч, үнэн хэрэгтээ Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчиж дээрх материалуудын доор шинэ жилийн холбогдолтой нийт 40-50 хайрцаг тоглоом, салют, бенгалийн гал зэргийг зөөвөрлөн авч явсан байна. Улмаар ачигч нар бенгалийн галаар тоглож байгаад гал гаргасан гэсэн анхны дүгнэлт гарсан” гэж Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Л.Даваахүү мэдэгдлээ. Замын Үүдийн Онцгой байдлын хэлтсийнхний тогтоосноор, урьдчилсан байдлаар 7 сая гаруй төгрөгийн хохирол учраад байгаа юм байна. |








