MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Монгол улс ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөртэй орны тоонд жагсаж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Friday, 01 December 2006
“Монгол улсад хоёр жилийн өмнө ДОХ-ын халдвар авсан гэх 5 тохиолдол улсын хэмжээнд албан ёсоор бүртгэгдэж байсан бол энэ оны 11 сарын байдлаар 25 болтлоо өсч, 4 хүн нас барсан” гэж Эрүүл мэндийн яамны Дэд сайд А.Отгонболд хэллээ.

Дэд сайдын ярьснаар, манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчин 1990–ээд оны дунд үеэс эрс нэмэгдэж, сүүлийн таван жилд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг эзэлж байгаа учраас Монгол орон нь ХДХВ /ДОХ-ын халдварын тархалт багатай ч халдвар тархах эрсдэл өндөртэй оронд тооцогдож байгаа юм байна.

Биеэ үнэлэгчдийн дунд судалгаа хийхэд 70-78 хувьд нь бэлгийн замын ямар нэг халдвар илэрч байжээ. Түүнчлэн манай зэргэлдээ ОХУ, БНХАУ нь 21-р зуунд ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархах таван орны тоонд багтдаг гэнэ.

“Монгол улсын хилээр жилд нэг сая 800 мянган хүн орж гарч байгаагийн 70 орчим хувь нь хөрш орнуудад түр болон удаан хугацаанд зорчиж буй хүмүүс байна. Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын тоо 100 мянгаас хол давжээ” хэмээн ДОХ-той тэмцэх Үндэсний сангаас мэдээлж байсан.

Манай улсын хүн амын 57 хувийг 15-49 насныхан эзэлж байна. Энэ насныхан чимээгүй тахлаар өвчлөх эрсдэл өндөр байдаг учраас урьдчилан сэргийлэх тал дээр туслах хэрэгтэй байгаа талаар ч мэрэгжилтнүүд ярьлаа.

Харин НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч, ХДХВ/ДОХ-той тэмцэх ажлын хэсгийн дарга Делиа Барселона ДОХ-той бүх нийтээр хэрхэн тэмцэх талаар,

“Урьдчилсан сэргийлэлт бол хамгийн сайн хамгаалалт. Өнөөдөр ХДХВ-ын халдвараас сэргийлэх ажилд залуучуудыг татан оролцуулж байгаа нь чухал алхам болж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн мэдээлснээр зарим орны залуучуудын дунд бэлгэвчийн хэрэглээ нэмэгдэж, зан үйлийн өөрчлөлт гарснаар тархалт буурч байна. Энэ аюулт тахал нь зөвхөн эрүүл мэндийн бус хөгжлийн асуудал юм” гэв.

Энэ онд Монгол улсын засгийн газар 2006 онд ДОХ-той тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс олон улсын хандивлагч орнууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ивээл дор “ХДХВ-ийн тархалт багатай орнуудад халдвараас сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох арга зам” сэдэвт Ази-Номхон далайн бүсийн орнуудын анхдугаар бага хурал хийсэн. Мөн “Хамтдаа сэргийлье” Үндэсний 3-р бага хурлыг хуралдуулсан байна.

“Бидний хийсэн ажлын үр дүн бол өсвөр үе, залуучуудыг ДОХ болон түүнээс сэргийлэх талаар ойлголт, мэдээлэлтэй болгосон явдал юм. Ирэх жил ДОХ-той тэмцэхэд Засгийн газраас 13 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа. Энэ төсөв ДОХ тусч, сэдэрсэн хүнд хангалттай биш боловч олон нийтэд ДОХ-ын талаар мэдээлэл өгөх,  сэргийлэхэд боломжийн хөрөнгө юм” гэж дэд сайд А.Отгонболд ярьж байсан юм. 

НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгчидийн мэдэгдсэнээр, НҮБ-ын Хүн амын сан цаашид ХДХВ-ийн урьдчилсан сэргийлэлт, эмчилгээ, тусламжийг бүх нийтэд хүрээмжтэй болгох асуудалд идэвхтэй оролцож, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бусад донор байгууллагуудаас үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах юм байна.