| ҮЭХороод Монголын төмөр замын удирдлагууд улсын хөрөнгийг буруугаар ашиглаж байна гэв |
|
|
| Бичсэн: G. Odgarav | |
| Friday, 01 December 2006 | |
|
Монголын төмөр замын Улаанбаатар дахь вагон депо болон
Татах хэсгийн ҮЭ-ийн хорооноос дээд албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн
ашиглаж хувьдаа хөрөнгө завшиж байгаа гэх мэдээллийг Пүрэв гарагт сэтгүүлчдэд
өгсөн юм.
“Өмнө нь бид МТЗ-ын удирдлагууд улсын хөрөнгийг бие биедээ хэрхэн бэлэглэж байгаа талаар олон нийтэд дэлгэхэд эрх мэдэлтнүүд ард түмнийг мунхрууллаа, сүйтгэлээ гэх мэтээр манай ҮЭ-ийн хороо руу дайрч давшилсан. Тиймээс бид өнөөдөр өөрсдийн байр суурь дээрээ бат зогсч олон төмөр замчдын эрх ашгийн төлөө баримттайгаар тэдний булхайг дэлгэхээр ирсэн юм” гэж УБ дах Вагон Депогийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Эрдэнэ яриагаа эхэлсэн. Тэдний хэлснээр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын дарга В.Магдейн 2006 оны 9-р сарын 5 ны өдрийн А-229 дүгээр тушаалаар санхүүгийн албаны дарга Д.Сайханцэцэгийн хүсэлтийг үндэслэн 90 гаруй сая төгрөгийн 3 өрөө байр худалдан авч өгөхийг Барилга орон сууцны албаны дарга Ж.Ганбаатарт 1-р заалтын дагуу үүрэг өгчээ. Түүнчлэн, Д.Сайханцэцэгийн хувьчилж авсан 2 өрөө байрыг түүний охин “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Хүүхдийн байгууллагын харъяа 5 дугаар цэцэрлэгийн туслах багш Н.Тэгшхоролд шилжүүлэн олгожээ. Энэ нь нэг ёсондоо санхүү албаны дарга охиндоо байраа шилжүүлж, улсын хөрөнгөөр нийт 5 өрөө байр завшсан байна. Хуулинд, тухайн этгээдийн хувийн өмчийг аль нэг аж ахуй нэгж, албан байгууллага хэн нэгэнд шилжүүлэх, захиран зарцуулах эрх байдаггүй аж. “Төмөр замд байрны хүрэлцээ хангамж сайн уу гэвэл үгүй. Өнөөдөр төмөр замд 30 гаруй жил ажилласан, хоёр дайнд оролцсон, 90 гаруй настай Д.Надмид гэдэг хүн 10 гаруй жил хэвтэрт байгаа хөгшний хамт айлын хажуу өрөөнд байна. Төмөр замаас байр гуйгаад олж авч чадахгүй явж байна. Ядарсан энэ өвгөний төмөр замд оруулсан хувь нэмрийг нь бодож яагаад ганц өрөө илүүчилж болдоггүй юм бэ?” гэж дарга Х.Эрдэнэ онцлон хэлж байлаа. Мөн түүнчлэн, ажлаа хийж явсан Төмөр замын “Баянбуурал” амралтын даргыг тэтгэвэрт гарах хугацаанаас нь өмнө ажлаас халж УИХ гишүүн Батж.Батбаярын дүү Хэнтий аймгийн багш Батж.Энхээг тавьжээ. “Төмөр замын боловсон хүчний тооллогын судалгаагаар, 2004 онд 300 байсан ажлын орон тоо 2006 онд 570 болон өсчээ. Тэрхүү 500 гаруй хүний дотроос “Баянбуурал” амралтын үйл ажиллагааг шалгах мэргэжлийн хүн байгаа нь лавтай. Гэтэл Төмөр замын авто баз-д даргаар ирээд 2-хон жилийн нүүр үзэж байгаа Ерөнхий сайд асан Элбэгдоржийн ах Арсландорж гэдэг хүн Баянбуурал амралтын үйл ажиллагааг шалгаад ажилтнуудыг нь цуглуулж хурал хийгээд явж байна. Энэ бүхнийг хийх ёстой нийгмийн туслах аж ахуй хариуцсан хүмүүс нь юу хийж яваа юм бэ?” гэж тэрээр нэмж ярьлаа. Улаанбаатар төмөр замын Татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Бямбаагийн ярьж байгаагаар, саяхан 3 хүний амь үрэгдсэн сүйрлийн дараахан буюу маргааш нь 11 сарын 21-нд төмөр замын 3432-р ачааны галт тэрэг 30-р зөрлөг дээр саатсан. Энэ үед эсрэг талаас 285-р галт тэрэг ирж байсан бөгөөд азаар өртөөний жижүүр 285-р галт тэрэгний машинчид “зогс” гэсэн комманд дамжуулсан. Хэрвээ суудлын машинчийн радио станц тэр үед ажиллаагүй байсан бол аймшигтай сүйрэл болох байжээ. Улмаар, удирдлага тэр хөдөлгөөнийг хариуцсан замын орлогч дарга н. Батсайхантай шуурхай зөвлөгөөн хийж өртөөний жижүүрийг туршлагагүй муу жижүүр хэмээн ажлаас нь халсан байна. “Мөн өнгөрөгч сарын 27-нд Бэлэндалай Хөтөлийн хоорондох замын 8-р буудалд нэгэн илчит тэрэг эвдэрч улмаар тусламж дууджээ. Гэвч тус тэрэгний машинч өөрөө гэмтлээ засч энэ талаар төвд мэдэгдэлгүй явжээ. Хэрвээ үүний өөдөөс тусламжийн тэрэг очиж байсан бол мөн л өмнөх аймшигт сүйрэл давтагдах байлаа” гэж дарга Ц.Бямба хэлэв. Үйлдвэрчдийн хороодын хэлсэнчлэн, төмөр замын удирдлагууд өөрсдөд нь хариуцлага тооцохоос айн энэ бүх мэдээллээ нууцалж байсан байна. “Энэ бүх сүйрлийн үр дүнд дээрх удирдлагууд бус эгэл үүрэг гүйцэтгэгч төмөр замчид л хохирч ажилгүй болон үлддэг. Тэд хөдөлмөрчдийн эрх ашгийг бодолгүй, өөрсдийн эрх мэдлээр улсын хөрөнгийг хуваан идэж, аливаа хариуцлагыг эгэл ажилчдад л үүрүүлдэг. Одоогийн байгаа төмөр замын удирдлагууд саналаараа огцрох нь зүйн хэрэг” гэж тэд онцлон хэлж байлаа. |







