MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Улаанбаатарт Морин уралдааны Бооцоот төв байгуулах нь тодорхойгүй байна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Monday, 27 November 2006
horse racing 4small УИХ дах МАХН-ын гишүүн Т.Бадамжунай болон Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа нар АНУ-ын Kentucky мужийн Лексингтон дах морин спортын бизнес бүхий морин уралдааны бооцоот төв байгуулах талаар хэлэлцээ хийжээ гэж Kentucky.com мэдээлжээ.

Гэсэн хэдий ч Монголд байгаа холбогдох байгууллагууд энэ хэлэлцээний яригдсан эсэх, мөрийтэй тоглоомын төв байгуулах талаар мэдээгүй байгаа бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр өнгөрсөн 8-р сараас хэрэгжиж эхэлсэн хуулиар ямар нэг мөрийтэй тоглоомын төвийг манай улсад ажиллуулахыг хориглосон билээ.

Хууль зүй, Дотоод хэргийн яамны хүмүүсийн хэлж байгаагаар Монгол улсад ямар нэг мөрийтэй тоглоомын газар байхгүй, өнгөрсөн зун гарсан тогтоолыг хөнгөвчилсөн ямар нэг хууль тогтоомж байхгүй гэж ярьж байлаа.

Гэвч, Kentucky.com мэдээлснээр: “Бооцоот болон казино мөрийтэй тоглоомыг аль алиныг нь хослуулсан $110-сая ам.долларын морин уралдааны төвийг Азийн оронд байгуулах зорилгоор Монгол-Бльюграсс эвсэл өчигдөр байгуулагджээ,” гэсэн байна.

Мөн “Тус хэлэлцээ шаардлагатай хууль тогтоомжийг тус морин уралдааны төв байрлах Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монголын улсын Их хурлаар баталсны дараа эцэслэгдэх юм,” гэжээ.

Энэ намрын чуулганаар УИХ-аар авч хэлэлцэх асуудлын дараалалд Монгол улсад мөрийтэй эсвэл бооцоот тоглоомын төв байгуулах, ажиллуулах талаарх хуулийн төсөл хэлэлцэнэ гэсэн асуудал тусгагдаагүй талаар УИХ-ын тамгын газар мэдээлсэн. “Монгол улсад мөрийтэй тоглоомын төв байгуулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өргөн барьсан ямар ч тийм хуулийн төсөл байхгүй байна,” гэж УИХ-ын Хэвлэлийн төлөөлөгч МонИнфод Даваа гарагт мэдээлэв.

“Тэднийг хууль бус үйлдэл хийж байгаа … мөн энэ мэдээлэлийг худал мэдээлэл гэж би бодож байна,” гэж Хууль зүй, Дотоод хэргийн Сайдын зөвлөх Ч.Баатар Даваа гарагт ярив.

“Морин тойруулгын уралдааны бооцоот төв байгуулах гэж буй талаар Бадамжунай, Болормаа нар хэлэлцээ хийсэн гэсэн мэдээлэл алга. Энэ боломжгүй яагаад гэвэл Монгол улсад мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглосон. Манай газарт л гэхэд энэ талаар мэдэх хүн байхгүй байна,” гэж Хууль зүйн Бодлого Зохицуулалтын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан ярив.

МонИнфо Хууль зүй, Дотоод хэргийн яамны Дэд сайд болоод Төрийн Нарийн бичгийн дарга мөн бүхий л дээд албан тушаалтны хүмүүстэй уулзахыг оролдсон боловч тус яам байгуулагдсаны 85 жилийн Ойн баяр болж байгаа учир Баасан гараг хүртэл сэтгүүлчдийг хүлээн авч уулзахгүй гэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Халтар хэлэхдээ “Иргэдийн төлөөлөгчдийн хурал Морин уралдааны төв байгуулах талаар гадаадын компанитай яагаад хэлэлцээ хийсэн талаар мэдэхгүй байна,” гэж МонИнфод ярив.

"Энэхүү төсөлд Монголын Олон улсын Морин Спортын Клуб болон Ази Номхон далайн Спортын Дэмжих байгууллага ….50 хувиас 5 хувийн хувьцааг эзэмших юм. Монголын морин спортын холбоо болон Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар тус бүр 20 хувийг эзэмшинэ,” гэж Kentucky.com-д мэдээлжээ.

Бямба гарагийн энэ мэдээ Монгол улсын албан ёсны бүхий л уралдааныг явуулж байдаг Монголын Үндэсний Морин уралдааны холбооны хувьд нилээд гайхал төрүүлсэн юм.

Монголын Олон улсын Морин Спортын Клуб нилээд дээр татан буугдсаныг би мэднэ. Энэ байгууллагын хөрөнгө оруулалт Лексингтоны өөр нэртэй компанийнх болсон байна, тэгээд хөрөнгө оруулалт 2006 оны хавар $20 сая ам.доллар байсан,” гэж Монголын Үндэсний Морин уралдааны холбооны тэргүүн Д.Даваа ярьсан юм.

Мөн тэрээр хэлэхдээ “тус компанийг ямар ч ашиг гаргаж чадахгүй байж $110 сая ам.доллараар Монголд морин уралдааны төв байгуулахыг хүсэж байгаад би гайхаж байна. Яагаад гэвэл Монголд тийм хэмжээний мөнгө зарцуулах хангалттай жуулчин юмуу гадаад хүмүүс байхгүй” гэж нэмж хэлэв.

Хууль зүй, Дотоод хэргийн яамны хүмүүс хэлэхдээ хуулийн дагуу бүхий л хуулийн этгээдийн нэрс байдаг тэр жагсаалтад “Монголын Олон улсын Морин Спортын Клуб” гэсэн байгууллага ч юмуу тийм нэртэй компани байхгүй байна гэж хэлсэн юм.

Шинэчилсэн: ( Monday, 27 November 2006 )