| Тоглоомын төвүүд хүүхдүүдийн муу зуршил дээр тулгуурлан орлого олж байна |
|
|
| Бичсэн: G. Oyun-Erdene | |
| Monday, 27 November 2006 | |
|
Улаанбаатар хотын компьютер тоглоомын төвийн эзэд
зөвшөөрөгдсөн цагийн хувиараа зөрчин, хүүхдүүдийн тоглох хүсэл эрмэлзэл дээр
тулгуурлан шөнө дөлөөр хүртэл тоглуулж, мөнгө олдгоо хүлээн зөвшөөрч байгаа юм.
Улаанбаатар хотод байгаа тоглоомын газруудын цагийн хуваарь нь 9-22 цаг хүртэл байдаг ч ихэнх нь бүх л шөнө ажиллаж байна. Цагийн хуваарьт хяналт гэж байхгүй байгаа нь тоглоомын төвүүд шөнөөр ажиллахаа хэвийн үзэгдэл мэтээр үзэж байгаагаас харагдаж байгаа юм. “Бид нар хүүхдүүдийг тогло гэж шахдаггүй шүү дээ.” гэж БЗД-т тоглоомын газартай Ш.Ганхүү хэлсэн юм. “Тэд өөрсдөө л тоглохыг хүссэндээ орж ирцгээдэг. Бараг л бүх тоглоомын төвүүд шөнөөр ажилладаг. Зүгээр мөнгө орж ирэх гэж байхад хэн үгүй гэх юм бэ? Хэн ч биднийг шөнө дөлөөр ажиллаж байгааг мэддэггүй л юм чинь.” ХУД-т байдаг тоглоомын газрын эзэн А.Найман үүнтэй санал нийлж “Шөнө дөлөөр ажиллах эрхтэй цөөн хэдэн тоглоомын төв байгаа. Гэхдээ эрхтэй эрхгүй бараг бүгд л шөнө ажилладаг. Энэ чинь тэгээд ч тийм сүртэй зүйл биш шүү дээ. Манай энд тэгж их тоглоод байдаг хүүхэд ч байдаггүй.” Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагч Ж.Цэрэнжамцын хэлж байгаагаар Улаанбаатарт 300 компьютер тоглоомын газар байдаг гэж хэлсэн. “Зарим нь ажиллахгүй байж магадгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан албан ёсны зөвшөөрөл авсан 300 компьютер тоглоомын төв нийслэлд байгаа” гэж ярьж байв. Тэр нэмж хэлэхдээ байцаагч нарт энэ талын мэдээлэл их хэрэгтэй байдаг гэсэн. “Бид иргэдээс мэдээлэл авах хэрэгтэй байдаг. Хэрвээ шөнө дөлөөр, зөвшөөрөлгүй ажиллаж байгаа компьютер тоглоомын төвийн тухай мэдээлэл байгаа бол бидэнд мэдээлэл өгөхийг хүсч байна,” гэж нэмж хэлэв. Хотын хэмжээнд өөр өөр дүүргийн таван тоглоомын төвүүдийг ажиглахад адил төстэй зүйлс олон байлаа. 8-12 ширхэг компьютертэй, өрөө нь жижиг, агааржуулалтгүй, мөн гэрэлтүүлэг тун муу байв. Бүр хоёрт нь 00-ын өрөө байсангүй. Орой болгон тэр газрууд 10-18 насны хүүхдүүдээр дүүрч байлаа. Тоглож байгаа нь мэргэжлийн гэмээр хурдан чадварлаг, шаламгай юм. Тухайн газрын эзэд нь байнга тоглодог хүүхдүүдээ сайн таньдаг юм билээ. Зарим хүүхдүүд нь мөнгөгүй байсан ч өр тавьж байгаад тоглож байсан. Харин бусад хүүхдүүд нь эцэг эхээсээ мөнгө авсан гэж байлаа. “Манай аав ээж надад юм авч идээрэй гээд сургуульд явахад мөнгө өгдөг. Би тэрнийг нь цуглуулж байгаад тоглодог. Хонож тоглохоор бол ээж аавдаа найзындаа хононо гэж хэлдэг.” гэж 60-р сургуулийн 4-р ангийн сурагч, 11 настай Б.Номун хэлсэн. Түүнийг тоглож байхад оройны 9 цаг 20 минут болж байсан бөгөөд ээж аав нь түүнийг тоглож байгаа гэж мэдэхгүй гэж байлаа. “Би өнөөдөр хонож тоглох гэж байгаа” гэж тэр хэлж байв. Б.Номун хотын хаа сайгүй байгаа тоглоомын төвүүдэд тоглож байгаа хүүхдүүдийн л нэг. Түүнээс жаахан хүүхэд хүртэл хичээл тарсны дараа юмуу, эхэнд нь тоглодог гэж хэлж байсан. “Заримдаа хонож тоглосон үед хичээлээ тасалчихдаг. Өдөр хичээлдээ явбал амар байдаг. Хичээл эхлэхээс өмнө тоглочихно.” гэж 52-р сургуулийн 3-р ангийн сурагч, 10 настай Г.Бадрууган хэлэв. 52-р сургуулийн нийгмийн ажилтан, математикийн багш Н.Нандинбиндэръяагийн хэлж байгаагаар тоглоом сурагчдын сурлагад нөлөөлдөг тал бий гэнэ. “Хэрвээ эцэг эх нь хүүхдээ тоглож байгааг мэддэггүй байвал хүүхэд нь хичээлдээ мууддаг. Мөн хичээлдээ муу хүүхдүүд тийм тоглоомонд хошуурах нь их харагддаг юм.” гэж тэр хэлэв. Компьютер тоглоомын үзүүлж байгаа сөрөг тал зөвхөн сурлагын дүн муудаж байгаагаар зогсохгүй. Хамгийн харамсалтай нь компьютер тоглоом хүүхдийн тархинд буюу сэтгэхүйд тун муу нөлөөтэй. Хоёр жилийн өмнө Шар Хадны “онцгой анхаарах” болон “хүүхдийн” тасагт тоглоомонд донтож, сэтгэхүй нь өөрчлөлттэй болсон хүүхдүүд ирж эмчлүүлж эхэлсэн. Тэр үеийг бодвол одоо эмчлүүлэх хүүхдийн тоо багассан ч зарим нэг хүүхдүүдийг эцэг эх нь авчирдаг гэж Шар Хадны онцгой анхаарах тасгийн эмч Л.Төмөрхүү хэлж байв. “Counter Strike гэдэг тоглоом нь анх гарч байх үед хүүхдүүд олноороо энэ тоглоомонд хошуурч, тэдний сэтгэхүй нь өөрчлөлттэй болж ирсэн. Харин одоо тэгэж донтсон хүүхдүүд ирэхээ больсон. Заримдаа л ганц нэг эцэг эхчүүд зан ааш нь өөрчлөгдөөд байна гэж хүүхдээ дагуулж ирдэг. Донтох өвчний эхний шат нь ааш зан өөрчлөгдөж ирэх байдаг юм. Хэтэрхий удаан тоглоод байхаар ааш зан нь өөрчлөгдөөд ирнэ.” Шар Хадны эмнэлгийн хүүхдийн эмч С.Эрднээгийн хэлснээр одоо тэдний хяналтад тоглоомонд донтсон 3 хүүхэд эмчлүүлж байгаа гэнэ. “Хоёр жилийн өмнө бид хоёр долоо хоногийн дотор л гэхэд 10 гаруй хүүхэд эмчилдэг байлаа. Харин одоо манайд 3 хүүхэд л байгаа.” Зарим эцэг эхчүүд компьютер тоглоомны өвчтэй болно гэж боддоггүй. “Бид хүүхдээ хажууд талын тоглоомын төвд хонож тоглодгийг нь мэднэ. Гэхдээ бид буруу гэж боддоггүй. Гудамж метрлээд явж байснаас тоглоод байж байх нь дээр шүү дээ. Манай хүүхдийн ааш занд өөрчлөлт орсон зүйл байхгүй.” гэж 10 настай хүүгийн аав С.Дамба хэлж байна. Л.Төмөрхүү эмч, Н.Нандинбиндэръяа багш нарын хэлснээр эцэг эхчүүд хүүхдээ хэдий мэддэг ч иймэрхүү чимээгүй ирэх өвчнөөс хүүхдийнхээ эрүүл мэнд болон боловсролыг сайн хамгаалах хэрэгтэй байна. |
|
| Шинэчилсэн: ( Monday, 27 November 2006 ) |







