MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Нөхөн Үржихүйн Эрүүл мэндийн "тулгамдсан асуудлыг" хэлэлцэнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Friday, 24 November 2006
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар явуулах бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэх Үндэсний хэмжээний 4-р бага хурлаа ирэх долоо хоногт зохион явуулах гэж байгаа гэж МонИнфод Пүрэв гаригт мэдэгдэв.

"Монгол улсын хэмжээнд 2005 оны байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчний 47,4 хувь буюу 15,315 нь бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ эзэлж байна," гэж ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Алтантуяа ярив.

Мөн тэрээр "1990-2005 онд төрөлхийн тэмбүүтэй 287 хүүхэд төрсөн нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдалд тавих хяналт, холбогдох мэргэжлийн кабинетуудын хамтын ажиллагаа суларсан, хүн амын дунд БЗДХ-ын тархалт ихэсч байгаатай холбоотой" гэж ярьж байв.

Түүнчлэн 2000 онд 10,000 жирэмсэн эмэгтэйн 61 нь тэмбүүтэй байсан бол 2006 онд 92 болтлоо өссөн нь "Тулгамдсан онцгой асуудал" болжээ. Мөн 2000-2004 онд жирэмсэн эхчүүдийн эндсэн шалтгааныг авч үзвэл 21,4 хувь нь жирэмсний хяналтанд хамрагдаагүй, 17,3 хувь нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн аюултай шинжийг мэдэхгүй, тусламж авах мэдлэг сул байдаг байна.

“Бид тус хурлаар дээрх тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцсэний үндсэн дээр 3 дах Үндэсний хөтөлбөрөө боловсруулах юм. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг аюулгүй бэлгийн амьдралаар амьдрах, цаашид гэр бүл төлөвлөх чадвартай болох, жирэмсэлсэн тохиолдолд найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг авч чаддаг байх зэрэг үндсэн эрхийг хангахад дөхөм үзүүлнэ” гэж Ж.Алтантуяа ярьж байсан юм.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, НҮЭМ-ийн үндэсний 2 дахь хөтөлбөрийг явуулсны үр дүнд, жирэмсний хяналт, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хэрэглээ, ерөнхий боловсролын сургуульд хичээл заах багш нарын хангамж нэмэгдэж, охидын төрөлт, жирэмсэн эхчүүдийн дундах цус багадалт буурсан гэсэн статистик байдаг байна.

Тус бага хурлыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 4 дэх удаагаа зохион явуулж байгаа юм. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, зарим аймаг сумдын засаг дарга нар, эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтэн болон бодлого боловсруулагч зэрэг 150 гаруй хүн уг хуралд оролцох юм. 

“Бага хурлаар, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй бүх шатны төлөөллийг оролцуулж зөвшилцөлд хүрснээрээ Монголын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд дорвитой хувь нэмэр оруулна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сан энэ бага хурлыг дэмжиж байгаа юм. Манай сан 1992-2006 оны турш эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 20 гаруй сая америк долларын тусламжийг Засгийн газарт үзүүлсэн" гэж Алтантуяа ярьж байв.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн 4 дэх хөтөлбөрийг Монголд 2007-2011 хүртэл хэрэгжүүлэх юм. 8,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, хүн ам ба хөгжил болон жендерийн тэгш байдлыг хангахад зарцуулах юм гэж НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн Эрүүл мэндийн ахлах зөвлөх Г.Пүрэвсүрэн ярьсан юм.

 

 

Шинэчилсэн: ( Friday, 24 November 2006 )