MonInfo
MonInfo

Saturday, 22 November 2008
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төр засаг сохор хандаж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: B. Bulgamaa   
Wednesday, 22 November 2006
nov22 101smallМонгол улсын хэмжээнд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль болох 116-р сургуулийн сурагчид сурах орчин, мэргэжлийн багш нар, төр засгийн дэмжлэг туслалцаа дутмаг байдгаас хүндрэлтэй байдаг талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

“1990 оноос өмнө төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах тал дээр ихээхэн анхаарч байсан боловч тэр үеэс хойш анхаарлын гадна үлдсэн”,

“Сүүлийн хоёр, гурван жилээс л төр засаг тэдний боловсролд нилээд анхаарал хандуулж эхлэж байна” гэж Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны Бага Дунд Боловсролын газрын дарга Батболд МонИнфо-д Лхагва гаригт ярьлаа.

nov22 119mi2004 оноос хойш Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн сурагчид сурч боловсрох орчин муу, багш, боловсон хүчний зан харьцаа муу байна гэх мэт асуудлаар Боловсролын яаманд хүсэлт тавьж суулт хийн, бүр өлсгөлөн зарлах хэмжээнд хүртэл тэмцэл хийж байсан.

Тэдний тэмцлийн үр дүнд сургуулийн захирал солигдсон боловч, өнөөдөр ч гэсэн хүүхдүүд удирдлагынхаа талаар гомдолтой байдаг ажээ.

“Нэг ангид нэг л сурах бичиг оногддог байсан бөгөөд багш хичээлээ заахын тулд тэр сурах бичгийг өөртөө байлгадаг байсан. Энэ жилээс л яамнаас бидэнд сурах бичиг хангаж өгсөн” гэж сурагчид ярьж байлаа.

“Сурах нөхцөл байдлыг дээшлүүлэх тал дээр олон юм хийх хэрэгтэй, бүр тодорхой төсөл, төлөвлөгөө гаргаж шинэчлэл хийх хэрэгтэй байгаа” гэж ажлаа хүлээж аваад хоёр сар болж байгаа сургуулийн захирал Ц.Гэлэгжамц ярьж байна.

Мөн эдгээр хүүхдүүдэд эрүүл чийрэг байхад нь туслах биеийн тамирын хичээл хангалтгүй ордгоос хөдөлгөөний дутагдалд орох явдал ч байдаг байна.

“Биеийн тамирын хичээл долоо хоногт 2-хон цаг байдаг. Энэ хичээл бидний хувьд их чухал, харин ийм цөөхөн цаг ордог нь хангалтгүй санагддаг. Хэдийгээр багш маань их сайн боловч тоног төхөөрөмж байхгүйгээс бид хангалттай хөдөлгөөн хийж чаддаггүй гэж боддог” гэж тус сургуулийн 8-р ангийн хүүхдүүд МонИнфод ярьлаа.  

116-р сургуулийн багш, сурагчдын хоорондох маргаан нь сургуулийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг ажээ.

Төгсөх ангийн нэгэн сурагч, “Бидэнд хамгийн чухал нэг хичээл бол Орон зай ахуйн чиг баримжааны хичээл байдаг боловч энэ хичээл ердөөсөө орж байгаагүй. Бас таягны хичээл ганц хоёрхон удаа л орсон” гэж ярьлаа.

Гэсэн хэдий ч тус сургуулийн хичээлийн эрхлэгч сурагчдын хэлсэн үгийг няцааж “Бид энэ хичээлийг заадаг, би өөрөө хүртэл энэ хичээлд сууж байсан. Сурагчид та нарт худлаа мэдээлэл өгсөн байна” гэсэн юм.

Боловсролын яамны мэргэжилтэн Б.Батболд энэ сургуульд хараагүй хүүхдүүдэд хичээл заахаар бэлтгэгдсэн мэргэжлийн багш дутмаг байдаг болохыг дурдаж байлаа.

Тэрээр хэлэхдээ, “Орон зай чиг баримжааны хичээл хүүхдүүдэд маш хэрэгтэй хичээл бөгөөд мэргэжлийн багш заах ёстой. Харин 1990 оноос хойш энэ чиглэлээр мэргэшсэн багш байхгүй байгаагаас их хүндрэл гардаг нь үнэн. Социализмын үед л багш нар Герман, Орост бэлтгэгддэг байсан” гэсэн юм.

Сурагчид мөн дуу хөгжмийн хичээлийн хангамж муу байдгаас багш өөрийнхөө хөгжмийг авчрах шаардлага гардаг болон долоо хоногт ганцхан цаг ордог компьютерийн хичээл дээр дундаа 4 компьютерийг хувааж ашигладаг гэхчилэн ярьсан юм.

nov22 049smallmiБ.Батболд хэлэхдээ, “Хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал бол багшлах боловсон хүчнийг бэлтгэх явдал” гэж ярьлаа.

Мөн тэрээр, “Яамнаас энэ сургуульд хэрэгтэй байгаа техник, тоног төхөөрөмж, кабинетүүдийг тохижуулах тал дээр донор байгууллага, дотоодын компаниуд гээд олон газарт хандаж байгаа. Мэдээж яам бүх асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй учраас жишээлбэл Мобиком компанитай ярьж үнэгүй интернэт суулгахад тусламж үзүүлж чадах эсэх дээр ярьж байна” гэлээ.

Өнгөрсөн жил яам энэ сургуулийг төгсч байгаа хүүхдүүдийг их дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй элсүүлэх тушаал гаргасан ажээ. Харин өнгөрсөн жилийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 10-н жилийн сургуулиа төгсөөд их сургуульд орох боломжгүй байсан байна.

Энэ талаар сурагчид, “Бид сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэх боломжгүй байсан учраас төгссөн хүүхдүүд ажилгүй, тэжээвэр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог л нэгээр нэмдэг байсан” гэж ярьсан юм.

Бид ‘ЮНИСЕФ’, ‘Дэлхийн Зөн’ гэх мэт байгууллагууд болон Боловсролын яамтай холбогдон Монголд байдаг хараагүй хүмүүсийн албан болон албан бус тоо баримтыг асуусан боловч тэдэнд энэ талаар мэдээлэл байдаггүй бөгөөд хараахан судлаагүй байгаа гэж бидэнд мэдэгдлээ.

Шинэчилсэн: ( Thursday, 23 November 2006 )