MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Нийслэл хотод Японоос хог ачих 20 машин бэлэглэнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Wednesday, 22 November 2006
Япон улсын Саппоро, Кавасаки хотын захиргаа хог ачих зориулалтын 20 машиныг манай хотод буцалтгүй тусламжийн хүрээнд удахгүй бэлэглэх гэж байгаа талаарх мэдээллийг “Монинфо”-д Нийслэлийн хот тохижуулах газрын нэгэн мэргэжилтэн өгсөн юм.

Мэргэжилтний хэлснээр, жилийн жилд хогондоо дарагдаж байдаг Улаанбаатар хотын тохижилтын ажилд нэмэр болох, дээрх асуудлыг шийдэхэд дөхөм болох тус машин нь 2,5-9 тонны багтаамжтай, ачих, бяцлах төхөөрөмжтэй “Ниссан”, “Исүзү”, “Хино” фирмийн бүтээгдэхүүн аж.

Оршин сууж байгаа газрын хогийн байдал ямар байгаа талаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 20-р байранд оршин суугч Г.Ганзулаас тодруулахад, “Манай байрны ойролцоо хог хаях зориулалтын цэг үнэндээ байдаггүй. Тиймээс бид хогоо цуглуулж байгаад ойролцоох овоолоостой байгаа хогон дээр аваачиж хаядаг. Тэндэх хог хааяа овоороод тэр хавиар нэг тарсан харагддаг. Зарим үед тэнэмэл хүмүүс шатааж бөөн утаа болгочихно. Байрны урд хог хаях цэг байдаггүйгээс зарим хүмүүс залхуурч орцон дотроо ууттай хог хаягдлаа тавих явдал ч бий” гэв.

Харин тус хорооны дарга Я.Аюурсэдийн ярьснаар, 33-34 байрыг хамардаг 10-р хорооны хувьд хог хаях төвлөрсөн цэг огт байдаггүй бөгөөд оршин суугчид нэг бол 100 айлын ойролцоо эсвэл 9-р хороонд байрлах цэгт хогоо хаядаг юм байна. Мөн тэрхүү хогийг өдөрт нэг удаа машин ирж ачдаг аж. Хорооны хэмжээнд 3 цэвэрлэгч ажиллуулж граж ашигласан хүн бүрийн сард төлөх 2000 төгрөгөөр цалинжуулдаг гэнэ. Хэрвээ хорооны хувьд өөрсдийн хогийн машинтай болвол энэ асуудлыг төвөггүй шийдэх боломжтой юм байна.

Мөн түүнчлэн хот тохижуулах газар нь БНХАУ-аас 9 тонны даацтай 30 самосвол машиныг авахаар төлөвлөж байгаа гэв.

Харин энэ талаар Нийслэлийн хот тохижуулах газрын дарга Ц.Болдоос асуухад, “Энэ долоо хоногийн сүүлээр бид буцалтгүй тусламжийн хүрээнд бэлэглэх 20 машинаа хүлээн авна. Мэдээллийг одоохондоо өгмөөргүй байна” гэж хариуллаа.