MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Барилгын чанарын менежментийн асуудлаар семинар болно Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Tuesday, 21 November 2006
Барилгын судалгаа, сурталчилгаа, мэдээллийн “Координат” төв тус салбарт ажил эрхэлдэг зарим байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран маргааш барилгын чанарын менежмент, түүнийг боловсронгуй болгох асуудлаар семинар хийх гэж байгаа талаараа мэдээллээ.

“Сүүлийн үед зарим барилгын компаниуд хуучин барилгын материал ашиглаж, өнгөлгөө хийчихээд манай бүтээгдэхүүн чанартай сайн хэмээн иргэдийг хуурах үзэгдэл мэр сэр гарч байгаа” гэж нэрээ нууцлахыг хүссэн нэгэн барилгын салбарын ажилтан мягтар гаригт бидэнд хэлсэн юм.

“Өнөөгийн байдлаар манай орны онцлог, эдийн засгийн чадавхиас хамааран 4000 төрлийн барилгын материал хэрэглэгдэж байдгаас дийлэнхийг нь импортын материал эзэлж байгаа. Тиймээс гаднаас орж ирэх материалиудад чанарыг нь баталгаажуулж сертификат өгөх чанарын лабораторуудын үйл ажиллагааг явуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, манай эх орны барилгын материалын чанарын шаардлага маш муу байна. Барилгын чанарын менежментийг сайжруулсанаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хувьд ашигтай байх боломж бүрдэх юм” гэж тэрээр нэмж ярьлаа.

Тус семинарыг зохион байгуулагчид хэлэхдээ барилгын салбарыг олон улсын жишигт хүргэх тал дээр гол анхаарлыг хандуулна гэсэн юм.

“‘Барилгын үйлдвэрлэл дэх шинэ техник, технологи, инноваци’ сэдвийн дор зохион байгуулах семинараараа бид барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй, нэгж байгууллагуудад барилгын чанарын менежмент ямар байх талаар нэгдмэл ойлголт өгч, удирдлагын энэ чухал аргын талаар бие биенээсээ харилцан суралцахад түлхэц үзүүлэх юм. Аливаа бизнесийн байгууллагын хувьд чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ гэдэг худалдан авагчийн итгэл найдварыг улам төрүүлж амжилт олохын үндэс байдаг. Тиймээс дээр семинар барилгын салбарын компаниудын хувьд ч хэрэглэгчдэд ч ач холбогдолтой болж өнгөрөх юм” гэж “Координат” төвийн Барилгын салбарын зөвлөх инженер-эдийн засагч Т.Норовжав ярьлаа.

Зохион байгуулагчдын ярьж байгаагаар, семинарын үеэр барилгын чанарын менежментийн талаар туршлагатай гадны зөвлөхүүд санал, зөвлөмжийг өгөх бөгөөд өнөөдрийн байдлаар “Бридж” констракшн, “Билдинг технологи” ХХК, “Үлэмж” ХХК зэрэг 60 гаруй байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцохоо мэдэгдсэн байна.
Шинэчилсэн: ( Wednesday, 22 November 2006 )