MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
МАСЗХ нийгэм, залуучуудын асуудлаар төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг барьжээ Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Odgarav   
Tuesday, 21 November 2006
Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос өнгөрөгч пүрэв гаригт төрийн албан хаагчид буюу багш, шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагуудын ажилтнуудын дундаж цалин 300,000 төгрөг болгох шаардлагатай байгаа зэрэг нийгмийн асуудалд санал, санаачлага тавьсан өргөх бичгийг төрийн өндөрлөгүүдэд өргөн барьсан байна. 

Тус өргөх бичиг нь нэгдүгээрт, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төсөл санхүүг шинэчлэх, хоёрдугаарт, төрийн захиргааны шинэчлэл буюу орон нутгийг хөгжүүлэх бодлого, гуравдугаарт хүний хөгжил, нийгмийн бодлого гэсэн гурван хүрээнд дэвшүүлсэн саналаас бүрдсэн аж.

“Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төсөв санхүүгийн шинэчлэлийн хүрээнд “Үндэсний хөгжлийн хөтөлбөр”-ийг засгийн газраас эцэслэн боловсруулж ард иргэд, улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэн,

УИХ-аар батлан гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого болгон мөрдөх талаар өргөх бичигтээ тусгасан” гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхбат ярьлаа.

Төрийн захиргааны шинэчлэл, орон нутгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын дундаж цалинг 300,000 төгрөг болгохын дээр алслагдмал говийн бүсийн аймагт ажиллагсдад цалингийн нэмэгдэл өгч хөхүүлэн дэмжих саналыг тусгасан бол хүний хөгжил, нийгмийн бодлогын хүрээнд, 2004 оны УИХ-ын сонгуулын хөтөлбөрт дэвшүүлсэн 145,000 ажлын байрыг бий болгон, жижиг дунд бизнесийг дэмжих хуулийг батлан гаргаж, бие даасан агентлаг байгуулж энэ ажилд улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг зарцуулахын сацуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг коллеж болгон өөрчлөх, иргэдэд урт хугацааны зээл олгох, 5000 оюутны дотуур байр барих зэрэг өөр бусад асуудлын талаар тус өргөх бичигт дурджээ.

“Бид өргөх бичигтээ нүүдлийн мал аж ахуйг зохион байгуулалтанд оруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдлийг давах чадавхийг нэмэгдүүлэх гэсэн санааг ч бас тусгасан” гэж М.Мөнхбат нэмж хэллээ.

Холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хэлсэнчлэн нийгмийн өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь залуучуудтай холбоотой байдаг аж. Учир нь Монгол улсын хүн амын 80 гаруй хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг бөгөөд МАСЗХ-ын төлөөлөгчид 2006 онд орон нутгуудаар явж нийгмийн бүхий л салбарын залуучуудтай уулзан тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар судалсан байна. Мөн энэ онд “залуу” гэх тодотголтой 35-аас доош насны эмч, багш, бизнес, малчдын уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгуулж тэдний дуу хоолойг сонссон байна. Үүний үндсэн дээр төр засаг маань залуучуудын хөгжлийг дэмжин, тэдний төлөө бодитой ажил хийгээсэй хэмээн хүсч дээрх санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт өргөх бичиг болгон барьсан ажээ.