| Үндсэн Хуулийн Цэц Ашигт Малтмалын Тухай Хуулийг хэлэлцэж байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Monday, 20 November 2006 | |
“Үндэсний
Соёмбо” хөдөлгөөний удирдагчдаас гаргасан Монгол улсын Ашигт малтмалын тухай шинэ хууль
үндсэн хуулийг зөрчсөн талаарх өргөх бичгийг Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэж байгаа хэмээн
цэцийн гишүүн мэдээллээ.
“С.Ганбаатарын гаргасан өргөх бичгийг хэлэлцэж байгаа, цэцийн гишүүн Амарсайхан түүнд хариу өгөх хугацааг хойшлуулсан. Энэ асуудлын талаар цэц дээр хэлэлцэж байгаа учраас одоо энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Нарантуяа МонИнфод Даваа гаригт мэдэгдлээ. “Үндэсний Соёмбо” хөдөлгөөн ашигт малтмалын тухай шинэ хуулийн талаарх өргөх бичгээ Үндсэн Хуулийн цэцэд 10 сарын 23–нд өгчээ. С. Ганбаатар шинэ хууль Үндсэн Хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа шалтгааныг дараах байдлаар тайлбарласан юм. Тэрээр хэлэхдээ: “Энэ хуулийн 5-р зүйлийн 5.1-д ‘Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгаа ашигт малтмал төрийн өмч мөн’ гэсэн байдаг. Хуулийн энэ зүйлийг Монголоор уншаад ойлгоход тийм ч хэцүү биш. Гэхдээ УИХ-ын гишүүд ‘байгалийн байдлаараа’ гэсэн үгийг нэмдэг нь ямар учиртай юм бэ? Энэ үг үндсэн хуулийн эсрэг байна шүү дээ.”
“Үндсэн хуулийн 6-р зүйлд
зааснаар ‘Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний
мэдэл, төрийн хамгаалалтад байна‘ гэсэн байдаг. 6.2-т , ‘Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн‘ гэсэн байдаг билээ гэж хэлэв. Дээрх хуулийн заалтад ‘байгалийн байдлаараа‘ гэж хэлсэн нь аливаа баялаг газрын хэвлийд байгалийн байдлаараа оршиж байвал л төр болон Монголын ард түмний өмч мөн боловч газрын хэвлийгээс гаргаад авчихвал төр, ард түмний өмч биш болно гэсэн ойлголтыг төрүүлж байна,” гэв. “Шинэ хуулийн 5.4-т ‘Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэлх хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно‘ гэж байх юм.” “Хувийн мөнгөөр гаргасан орд нь үндсэн хуулийн эсрэг зүйл биш, харин төрөөс санхүүжсэн төслүүд нь хуулийн эсрэг болж байна. Хоёрдугаарт, 1990 оноос өмнөх Монгол улс дахь бүхий л томоохон ордууд төрөөс санхүүжиж байсан бол 1990 оноос хойших, ялангуяа Оюу-Толгойн орд газар бол хувийн хөрөнгөөр бий болсон.” “Хуулийн энэ зүйлд төр мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд оролцооны хэмжээ 50 хүртэлх хувь байж болно гэж байгаа нь төр өөрийн өмчийг уул уурхайн компанитай хамтран эзэмшихийн тулд өөрийн хөрөнгөөр худалдаж авна гэсэн утгатай болсон байна. Ингэвэл төрд ямар ч хувь эзэмшихгүй байх боломж хүртэл байгаа гэсэн үг болж байна. Төр өөрийн өмчийг эзэмшихийн тулд яагаад мөнгө төлөх хэрэгтэй байдаг билээ?” “Мөн ашигт малтмалын тухай шинэ хуулийн 5.5-д, ‘Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно‘ гэнэ. Гэтэл энд хувийн хөрөнгөөр олдсон ордыг ашиглахад төр хэрхэн оролцох, хэрхэн хөрөнгө оруулах талаар ямар ч тодорхой механизмыг заагаагүй байна,” хэмээн ярьж байлаа. “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар ямар ч хувь хүн, ямар ч байгууллага хуулийн ямар ч зүйлийг тодруулах хүсэлт гаргаж болно, мөн уг хүсэлтийн дагуу Дээд Шүүх тайлбар хийх ёстой боловч манайх ашигт малтмалын тухай шинэ хуулийн талаар ямар нэгэн хүсэлт аваагүй” гэж нэрээ мэдэгдэхийг хүсээгүй Дээд Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй МонИнфод даваа гаригт мэдээллээ. Үндсэн хуулийн 1-р зүйлд хэлэхдээ: “Монгол улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэжээ. Үндсэн Хуулийн Цэцийн албаны ажилтан хэлэлцэж дуусах хугацаа болон эцсийн шийдвэр тодорхойгүй гэж мэдээллээ.
|
|
| Шинэчилсэн: ( Tuesday, 21 November 2006 ) |








