MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
ТББ-ууд ОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 14 November 2006
Төрийн Байгуулалтын Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Олон нийтийн Радио Телевизийн (ОНРТ) тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд улс төрийн нам болон хувийн ашиг сонирхол нь Монгол улсад олон нийтийн радио телевизийн хөгжлийг хойш татаж байгаа тухай дүнг Лхавга гарагт тус байнгын хорооны хуралдаан дээр танилцуулах юм.

МонИнфо Даваа гарагт хүлээн авсан тус ажлын хэсгийн тайлан буюу илтгэх хуудаст "ОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон захиргааны удирдлагын хүмүүсийг томилоход улс төрийн намууд "өөрийн" хүнээ тавихыг эрмэлздэг, ОНРТ-ийн удирдлага ОНРТ-ийн өмч хөрөнгө, санхүүгийн зөрчилтэй асуудлуудыг зөв шийдвэрлээгүй, хамт олон болон Үндэсний зөвлөл, захиргааны хоорондын итгэлцэл сул" гэж бичсэн байна.

Дотоодын үйлдвэрлэгдчийг эрх ашгийг хамгаалах Сангийн тэргүүн Н.Дашзэвэг "Бүгдээрээ энэ Олон нийтийн Радио, Телевизийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулъё. Энэ олон нийтийн радио телевиз гэсэн утгаа алдаад байна шүүдээ, " гэж олон нийтийн байгууллагуудаас төлөөлөл болж сонгогдсон ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн есөн гишүүн болоод ТББ-уудын хооронд болсон Мэдээлэл солилцох уулзалтын үеэр ярьсан юм.

Тэрээр мөн нэмж хэлэхдээ “Энэ Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг бүгдийг нь улс төрийн институциудаас сонгосон, төрийн эрхэнд байгаа энэ хоёр намын эрх ашгийн төлөө үйлчлээд байна шүү дээ ,” гэв.

Тус үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхолыг илэрхийлсэн орон тооны буё байгууллага байх бөгөөд зургаан жилийн хугацаанд ажиллах 15 гишүүнтэй байна, эдгээрийн дөрвөн гишүүнийг Монгол улсын Ерөнхийлөгч, долоон гишүүнийг УИХ-аас нэр дэвшүүлж мөн үлдсэн дөрвөн Засгийн газраас нэр дэвшүүлнэ гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд заасан байдаг.

“Надад энд нэг санал байна, бид, ТББ болон олон нийтийн төлөөлөл болохынхоо хувьд сард нэг удаа уулзаж байя, тэгээд энэ зөвлөлийн гишүүд үнэхээр олон нийтийн төлөө ажиллаж байна уу гэдгийг үзэж байя, яагаад гэвэл бид энэ зөвлөлтэй өнгөрсөн оны 10 сарын 13-нд байгуулагдсанаас нь хойш уулзаагүй шүү дээ,” гэж Дашзэвэг ярив.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн, Референт, Г.Чагнаадорж “Ажлын хэсэг ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцсан тухайгаа л танилцуулна. Зарим нэг дагаж мөрдөх шаардлагатай зөвлөмжийн чанартай саналуудыг ОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон захиргааны удирдлагад өгсөн,” гэж ярив.

“Ажлын хэсэг ч юмуу эсвэл Байнгын хороонд Үндэсний зөвлөлд ажлыг нь хяньж байх эсвэл хариуцлага тооцох эрх, функц байхгүй,” гэж тэрээр нэмж хэлэв.

Тус байнгын хорооны ажлын хэсгийн илтгэх хуудаст дурьдсан ‘Цаашид анхаарах асуудлууд’ гэсэн хэсэгт захиргааны албан хаагч, даргын албан тушаалын тоо нэмэгдсэн талаарх ажиллагсадын саналыг харгалзан үзэж байгууллагынхаа захиргаа, зохион байгуулалтын бүтцийг оновчтой тодорхойлж, байгуулах шаардлагатай байна гэж дурьджээ.

Монголын ТББ-ын төлөөлөгчид тус санал солилцох уулзалтын үеэр Үндэсний зөвлөл ОНРТ-ийн хөтөлбөрийн бодлого стратегийг тодорхойлоход оролцохгүй байна гэж шүүмжилж байсан юм. 

Глоб Интернэйшналийн тэргүүн Х.Наранжаргал  хэлэхдээ "Миний бодлоор Үндэсний зөвлөл бүтцийг дахин байгуулах бас дүрэм журам батлахаасаа илүүтэйгээр хөтөлбөрийн бодлого чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байсан” гэж ярив.

Мөн ажлын хэсгийн илтгэх хуудаст “ҮОНРТ  ‘улсын төсвөөс дэмжлэг авах’ гэсэн ОНРТ-ийн хуульд заасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахыг тус байнгын хорооны ажлын хэсэг зөвлөж байна гэсэн бөгөөд орлого бүрдүүлэх тухайлбал нийтийн үйлчилгээ радио телевизийн нэвтрүүлэг дамжуулах шугамын үйлчилгээний хөлсийг улсын хэмжээнд хураах байдлаар бүрдүүлэх шаардлагатай байна" гэж дурьдсан байна.

ОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга Х.Чилаажав хэлэхдээ, “Нэг жил ба нэг сар энэ телевиз, радиог энэ шилжилтийн үед олон нийтийн радио телевиз болгоход хангалттай хугацаа биш байлаа, ялангуяа төсвийнх нь 70-аас илүү хувь нь төрөөс хамаарсан байгаа төрийн статустай байгууллага хэвээрээ байсаар байгаа үед хангалттай биш,” гэв.

УИХ-ын гишүүн бөгөөд тус байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн Э.Бат-Үүл "Миний мэдэж байгаагаар Үндэсний зөвлөлд нэрийг нь дэвшүүлсэн 34 хүн жагсаалтад орсон байсан, тэгээд зөвлөлийн 15 гишүүнийг Ерөнхийлөгч, Засгийн газар болон УИХ-аар зөвшөөрөөд УИХ-ын чуулганаар сонгосон 15 хүнээ баталсан юм " гэж ярилаа. 

“Зөвлөлийн гишүүдийн заримыг яг улс төрийн институциудаас томилогдлоо гэсэн ямар нэг санал, гомдол би лав сонсоогүй хүлээж аваагүй юм байна,” гэж тэрээр нэмж хэлэв.
Шинэчилсэн: ( Tuesday, 14 November 2006 )