MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Насанд хүрээгүй хүүхдүүдийн согтууруулах ундаа хэрэглэх нь ихсэж, шалгалт бараг хийгддэгүй гэв Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Friday, 10 November 2006
14-15 насны охид хөвгүүд  дүрэм журам биелүүлдэггүй, хотын жижиг бар, цэнгээний газруудад үйлчлүүлж согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь тэнд аюулгүй байдлын асуудал дутмаг мөн орлого багатай байдаг нь үйлчлүүлэгчдийг татах үзүүлэлт болдог бөгөөд ийм газар цагдаагийн шалгалт бага байдаг гэж Хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан ярилаа.

“Бид шалгалт хийхдээ баар, цэнгээний газруудад ариун цэврийн нөхцөл шаардлага хангасан эсэх болон цагийн хуваариар ажиллаж байгаа эсэхийг л шалгадаг. Насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байгаа эсэхийг нь тэр болгон нарийн шалгадаггүй юм,” гэж БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч В.Наранхүү МонИнфод ярив.

“Дарга л шалгалт хийх шийдвэрийг гаргадаг. Шалгалтын үеэр насанд хүрээгүй хүүхдүүдийг манайд хэлтэс дээр авчирна. Ихэнхдээ 10 гаруй хүүхдүүд л ирдэг. Голдуу согтуу охид. Уг нь урд нь таваас хэтрээд байдаггүй байсан юм. Харин сүүлийн үед тоо нь өсч байна” гэж нэмж хэлэв.

Тэрээр нэмж хэлэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн сууж байсан баарууд ихэнхдээ хүн багатай, хэнийг бол хэнийг оруулчихаар газрууд байдаг гэсэн.

“Мэдээж хүүхэд оруулахгүй л дээ,” гэж БЗДүүрэгт байдаг 50 хүний багтаамжтай баарны эзэн П.Баяраа хэлж байна.

“Гэхдээ жоохон охидууд чинь хажуудаа том том залуучуудтай орж ирдэг болохоор орлогоо бодоод оруулчихдаг юм. Журамдаа ч яахав болохгүй гэж заадаг. Гэвч аль ч жижиг баар ийм л байдаг шүү дээ” гэв.

Охидууд бааранд ороод зүгээр л бүжиглэж, ганц пиво уудаг гэж хэлцгээж байна.

“Энд ямар хонох биш дээ. Ганц пиво уугаад, бүжиглэж байгаад л гарна шүү дээ. Сүртэй юм юу байгаа юм бэ”, гэж 15 настай А.Уранхайч хэлж байсан.

Харин 14 настай З.Байгаль “Бид нар энд найзынхаа төрсөн өдрийг л тэмдэглэж байна. Ганцхан пиво л уусан. Гэр ойрхон юм чинь яав л гэж” гэж хэлэв.

Дотоод журмаа зөрчин тэднийг оруулдгаа юман чинээ тоохгүй ч хүмүүс бас тааралдаж байлаа.

“Учиргүй архидаад байгаа биш дээ. Орж л байг л дээ. Тэд нар бүжиглэх гэж л орж ирдэг. Авч байгаа юм нь ундаа эсвэл ганц пиво. Хүн дүүрээгүй үед тэднийг оруулахад юу нь болохгүй байхав”, гэж "Хангарьд” барны зохион байгуулагч М.Золжаргал хэлж байв.

Насанд хүрээгүй охид уух пиво болон таксныхаа мөнгийг янз бүрээр олдог.

“Мөнгийг хаанаас бол хаанаас олно ш дээ. Би сая манетан бөгжөө тавьсан,” гэж А.Уранхайч хэлж байхад Ц.Наранжаргал гэж охин эгчээсээ авсан гэж байлаа.

“Ээж аав гадаадад байгаа. Эгчтэйгээ хоёулхнаа амьдардаг. Өнөөдөр эгч маань гэртээ хонохгүй гээд намайг найзтайгаа хоно гэсэн юм. Би эгчээсээ мөнгө авдаг. Мөнгөөр тасардаггүй” гэв.

Өгсөн мөнгөөр нь хүүхдээ баранд орно гэж эцэг эхчүүд ерөөсөө боддоггүй.

“Манай охин тэгэж явахгүй гэж мэдэж байна. Найзуудтайгаа гардаг л даа. Гэхдээ л баранд орно гэж байхгүй. Би охиндоо итгэдэг,” гэж 15 настай охинтой М.Болор ярьж байна.

В.Наранхүү хэлэхдээ хүүхдүүдийг шийтгэх шийтгэл байхгүй, тийм болохоор ойлгуулахаас өөр арга байхгүй гэж байлаа.

“Хэсэг дээр ирж байгаа хүүхдүүдийг ухуулж, ойлгуулахаас өөр бааранд оруулахгүй байх арга зам бидэнд байхгүй. Тийм болохоор бид тэдэнтэй ярилцаж, ухуулга л хийдэг. Зарим хүмүүс үүнийг үр дүнгүй гэж үздэг л байх. Гэхдээ дахин дахин ирээд байгаа хүүхэд байдаггүй л юм” гэж ярьж байлаа.

Шинэчилсэн: ( Tuesday, 14 November 2006 )