| Польш улсад төлөгдөх Өрийн асуудлыг шийдвэрлэлээ |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Thursday, 09 November 2006 | |
|
Польш
улсын Засгийн газрийг төлөөлөн Польш улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
ноён Збигнеив Кулак, Монгол улсын Засгийн газрийг төлөөлж Сангийн сайд Н.
Баяртсайхан нар 29.9 сая шилжих рублийн өрийн асуудлыг зохицуулах хоёр тал
Хэлэлцээрт Пүрэв гаригт гарын үсэг зурлаа гэж тус яамны Хэвлэл мэдээллийн албанаас
мэдээлэв.
“Монгол болон Польш улсын Засгийн газрын мэргэжилтнүүд 2001 оноос хойш зургаан удаа уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд хоёр тал харилцан ашигтай зөвшилцөлд хүрч чадлаа“ хэмээн хэвлэлийн мэдээнд дурьдсан байв. Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т. Гантулга “нийт өрийн 90,4 хувийг чөлөөлсөн бөгөөд одоо 2,87 сая ам доллар төлөгдөхөөр үлдээд байгаа“ гэж ярив. Энэ 2,87 сая ам долларын 70 хувь нь Польш улсад суралцах Монгол оюутнуудыг дэмжихэд зориулагдах бөгөөд 30 гаруй хувь нь Польш улсын геологич, инженерүүдийн Монгол улс дахь хайгуул судалгааны ажлын зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Шинжлэх ухааны судалгааны хөтөлбөр 2007 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Польшийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ ажлыг Монгол улсын нутаг дэвсгэрт явуулах болсон талаар тус яамны ажилтан ярьж байв. “Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар 1976, 1981, 1986 онуудад Бүгд Найрамдах Монгол улсын Засгийн газарт өгсөн зээлийн үлдэгдэл болон өрийн устгалын дансны үлдэгдлийн асуудал Польшийн Ерөнхий сайдын зөвшөөрлөөр хоёр талын хамтын хэлэлцээрийн үр дүнд шийдэгдэж чадлаа “ хэмээн Сангийн сайд Н. Баяртсайхан Монголын Үндэсний Олон нийтийн Радиогоор Пүрэв гарагт цацагдсан хэвлэлийн мэдээний үеэр онцлов. “Энэ нь хоёр орны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын олон талт хамтын ажиллагааг дэмжсэн алхам боллоо” хэмээн тэрээр нэмж хэлэв. |







