| Өлсгөлөн зарлагчид Ерөнхий Сайдын хариуг хүлээж байна |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Wednesday, 08 November 2006 | |
|
Дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын өлсгөлөн зарлаад байгаа нийт 14 хохирогчид Ерөнхий сайдаас ямар нэг эерэг хариу авч чадахгүй бол хуурай өлсгөлөн зарлах болно гэдгээ Лхавга гарагт мэдэгдэв.
Өлсгөлөн зарлаад байгаа хохирогч, Б.Сувдаа хэлэхдээ, “Бидэнд Ерөнхий сайдаас эерэг хариу авна гэсэн цор ганц л найдвар байна. Мягмар гарагт бид Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Төрийн Нарийн бичгийн Дарга Т.Баясгалантай уулзсан. Яг одоогоор Ерөнхий сайд байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд Баясгалан бидний нөхцөл байдлыг Ерөнхий сайдад өөрөө танилцуулна гэж хэлсэн,” гэв. Мөн “Хэрвээ Ерөнхий сайд бидэнтэй уулзаж, ямар нэг тус болох хариу өгвөл бид өлсгөлөнгөө зогсоож, хуурай өлсгөлөн зарлахгүй” гэж хэлэв.
Тэрээр “Өлсгөлөн зарлаад байгаа хохирогчдын төлөөлөл Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга С.Цэрэндоржтой уулзсан. Тэр бидний эрхийг хамгаална гэдэгт бид итгэж байсан, гэвч түүнтэй уулзсаны дараа бидний эрхийн асуудлыг дэмжээгүйд бид харамсаж байна. Цэрэндорж хэлэхдээ энэ асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Тэрээр өлсгөлөнг дэмжихгүй байна, өлсгөлөн зарлагчид эрүүл мэндээ бодох хэрэгтэй гэж хэлсэн” гэж ярив. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос төрөөс эдгээр хохирогчдод туслах шийдвэрийг даруй гаргах талаарх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн юм. “Мягмар гарагаас Лхавга гарагт шилжих шөнө өлсгөлөн зарлагчдын биеийн байдал нилээд муудсан, бүх өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс цусны даралтаа нилээд буурч байгааг мэдэрсэн. Бидний зарим нь ухаан алдаж, татсан. Яагаад гэвэл бүх өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс суурь өвчтэй хүмүүс,” гэж Сувдаа ярьж байсан юм. Тэд ямар нэг эмнэлэг, эмч нараас туслалцаа авахаас татгалзсан байна. “Хэрэв бид нэг дуслын л эмчилгээ хийлгэх юм бол эмч нар бид нарыг өлсгөлөн зарлаж байгаа гэж үзэхгүй шүү дээ,” гэж өөрийн нэрээ хэлэхээс татгалзсан өлсгөлөн зарлагч ярьсан юм. ХЗХ-ны 160 гаруй хохирогч АНУ-аас улс төрийн орогнол хүссэн боловч Монгол улс дах Элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсөн гэж өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс ярьж байлаа. “Бид өөрийн орондоо санхүүгийн гамшиг нүүрлээд байгаа хүмүүсийн бүлэглэлд хамаарагдана. Засгийн газар, улс энэ гамшигт байгаа. Бидэнд энэ улсад амьдрах ямар ч нөхцөл алга," Сувдаа ярив. Монгол улс дах АНУ-ын Элчин сайдын Яамнаас МонИнфод мэдээлэхдээ, “Улс төрийн орогнол хүссэн тухай олон нийтэд мэдээлэх эрх бидэнд байхгүй.” гэж мэдэгдсэн юм.
|
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 08 November 2006 ) |








