MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Арилжааны банкууд Жижиг Дунд аж ахуйн нэгжийг дэмжих зээлийн өргөдөл хүлээн авна Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Monday, 06 November 2006
Сангийн яамнаас өмнө нь хэлэлцэж байсан Японы банкаас Монголын банкуудад санхүүжилт оруулах ЖДААН-ийг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд уг төсөл удахгүй эхлэх гэж байна.

"Жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хоёр-шатат төслийн хэрэгжүүлэх нэгжийг байгуулаад өнөөдөр албан ёсоор Сангийн яаман (СЯ) дээр эхлэн ажиллаж байна," гэж СЯ-ны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга Т.Доржханд Даваа гаригт МонИнфод ярив.

"Бид арилжааны банкуудад уг төслийн талаарх сургалтыг ирэх долоо хоногт зохион байгуулах боловуу гэж таамаглаж байна" гэж тэрээр нэмж хэлэв.

Монголын зургаан арилжаа банк болох ХХБ, Голомт, Хас, Зоос, Хаан болон Капитрон банкууд Сангийн яамтай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулаад байгаа юм.

"Манай банкнаас өөрийн харилцагч нараасаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн өргөдлийг хүлээн авч эхэллээ гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарлаад байгаа," гэж Голомт банкны хөрөнгө оруулалт, төслийн зээлийн хэлтсийн зээлийн эдийн засагч Б.Баяртбилэг ярьж байлаа.

"Бид одоо зээлийг судлах шатандаа явж байгаа. Бидний таамаглаж байгаагаар Монгол төгрөгийн зээлийн хүү 11-15 хувь, харин ам.долларын зээлийн хүү 9-11 хувь байх боловуу," гэж мөн ярив.

Гэсэн хэдий ч Сангийн яамны ажилтнууд хэлж байгаагаар арилжааны банкуудын олгох гэж байгаа зээлийн мөнгө зөв ашиглагдаж байгаа эсэх дээр Засгийн газраас хяналт тавих аж.

Хаан банкны Бизнес хариуцсан Дэд захирал Д.Батсайхан "Уг зээлийг манай банкнаас 12-р сарын 1-нээс эхлэн олгох боловуу гэж таамаглаж байна. Бид Сангийн яамтай зээлийн хүүгийн хэмжээ дээр Баасан гаригт эцэслэн хэлэлцэж тохирно," гэж ярив.

"Хүүгийн зардалтай нь уялдуулж зээлийн хүүгийн хэмжээг тогтоох юм" гэв.

Хөнгөлөлттэй зээлийн нийт эх үүсвэр $25 сая ам.доллар бөгөөд Япон улсын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкаар дамжуулан уг төсвийг олгож байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг 3-10 жилийн хугацаатай олгох юм. 15 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байх, 50 буюу түүнээс цөөн ажилчидтай байх зэрэг шаардлагууд тавигдаж байгаа юм байна.