MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Хүний хөгжилд анхаарлаа хандуулах ёстой Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 31 October 2006
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх жилийн төсөв, Үндсэн чиглэл, мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өөрийн байр суурь, санал бодлоо илэрхийлэв.

Ерөнхийлөгч Энхбаяр хэлсэн үгийнхээ эхэнд “Дотоодын Нийт Бүтээгдхүүн 7,5 хувиар өснө гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа билээ. Дотоодын нийт Бүтээгдхүүний өсөлт гарч байгаагийн хэрээр ард иргэдийн амьдралын түвшинд ямар өөрчлөлт, дэвшилт гарч байна вэ гэдгийг байнга бодолцож байх хэрэгтэй,” гэж онцлов.

Тэрээр мөн “Хүний хөгжлийн асуудалд анхаарч, хүний хөгжлийн индексийн дагуу улс орны нийгэм-эдийн засгийн бодлого зорилтыг боловсруулан ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Монгол улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийн эхний хэсэг өнөөдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм.

Ерөнхийлөгч Энхбаяр мөн ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсийн төвүүдийг хөгжүүлэх талаар тодорхой төлөвлөсөн арга хэмжээ, зардал тусгах шаардлагатай талаар онцлон дурьдсан юм.

Тэрээр мэдэгдэхдээ “Мөнгө хөрөнгө, цаг хугацаа үрсэн ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой, будлиан маргаан үүсгэж байгаа тендерийн үйл ажиллагаа асуудал болоод байгаад Засгийн газар дүгнэлт хийж, цаашид зөв гольдрилд оруулах нь зүйтэй байна” гэсэн юм

“Ядуурлыг бууруулахаар төлөвлөсөн зорилт нь чамлалттай байна, 2007 оныг “Ажлын байр шинээр бий болгох жил” болгон нэрлэж, үр дүнтэй олон ажил хийж хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал болгож байна” гэв.

Мөн Энхбаяр хэрэв төр засаг төсөвтөө үрэлгэн, зарлаган хандвал ард иргэд ч бэлэнчлэн тэжээлгэх хуучинсаг сэтгэлгээ эргэн орж, бүтээн байгуулалт, шинэчлэлийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгө багасч ажилгүйдэл, ядуурлын түвшин хэвээр байх болно шүү гэж анхааруулсан юм. Улсын төсвийн орлого өсөхийн хэрээр төсвийн зардал ч мөн хурдацтай өсөж байна гэсэн юм.

Шинээр байгуулагдах Авилгалтай тэмцэх байгууллагын үр өгөөжтэй ажиллагаанд төсөв санхүүжилтийг тусгаж өгөх шаардлагатай талаар тэрээр мөн онцолсон юм. ЕБС-иуд 12 жилийн сургалтын системд шилжиж байгаатай холбогдуулан 2007 онд ихээхэн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай бөгөөд 2007 оны төсөвт энэ чиглэлээр тодорхой мөнгө төсөв тусгах шаардлагатай гэдгийг ч онцолсон юм.

“Санхүүгийн салбарын гол сул талуудыг олж тогтоох, банкны салбарын үйл ажиллагаа доголдох үед авч хэрэгжүүлэх эрсдэлийн урьдчилсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж мөрдөх нь чухал байна,” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Тэрээр Монгол хүний хөгжилд анхаарал хандуулан хүнийг ажил хөдөлмөртэй болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээрх санаа, саналуудыг сайтар судалж, батлан гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгийнхээ төгсгөлд илэрхийллээ.
Шинэчилсэн: ( Tuesday, 31 October 2006 )