| Хөдөлгөөнүүд ард иргэдээс уучлалт гуйлаа |
|
|
| Бичсэн: G. Oyun-Erdene | |
| Monday, 30 October 2006 | |
|
МЧАХ-ны тэргүүн Г.Баасанг баривчилсантай холбоотой эсэргүүцлийн жагсаалд
оролцсон иргэний хөдөлгөөний гишүүд, удирдагч нар өнгөрсөн пүрэв гаригт зам
хааж, чирэгдэл учруулсанд ард иргэдээсээ даваа гаригт албан ёсоор уучлалт
гуйлаа.
“Бид зам хаахынхаа өмнө эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаж асуудлыг шийдвэрлэх гэж хичээсэн. Гэвч уулзаж чадаагүй учраас эцсийн арга зам нь тэр байсан юм шүү. Ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйх гэсэн юм. ”гэж улстөрийн сонины эрхлэгч Г.Уянга хэлсэн. Баасан, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн П. Болд ба Уянга нар ирэх долоо хоногт болох Бүх ард түмний хуралдайд болохыг сануулж, зарим төлөвлөгөөг танилцуулав. “Зам хааж жагссан нь хөдөлгөөнүүдийг илүү нягтралтай, ойр болгосон. Бид одоо ард түмний хуралдайд бүгд хамтран оролцоно.” гэж Болд хэлж байлаа. Соёмбо, Эрүүл нийгэм ба Ногоон намын гишүүд одоогоор их хуралдайд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд дараагийн долоо хоногт болох тус үйл явдлыг орон нутгаар сурталчилж байна. “Соёмбо хөдөлгөөний тэргүүн С. Ганбаатар Дархан, Эрдэнэт хотоор санал цуглуулахаар яваа. Хотоор бас явуулын хайрцаг өнөөдрөөс явж эхэлсэн. Байгууллага, компаниудаар ч орж авах байх. Энэ мэтчилэн саналаа аль болох өргөн хүрээгээр цуглуулна даа.”гэж Г.Уянга хэлж байсан. Бүх ард түмний хуралдайн эхний өдөр зөвхөн хурал болно. Харин долооны өдөр нь санал асуулгын дүнг зарлаж, дараа дараагийн үйл ажиллагаа төлөвлөх гэнэ. Бүх ард түмний хуралдайд мандаттай оролцоно. Мандатыг МЧАХ-ны байран дээр болон талбайн урд байрлаж байгаа самбарын урд бүртгэн, олгож байгаа гэж Баасан ярив. “Иргэд маань мандатаа авангаа саналаа өгнө.” Тус хуралдайг зохион байгуулж байгаа нь гурван зорилготой боловч санал асуулгын дүнд зорилгоо өөрчилж магад гэж хөдөлгөөнийхөн мэдэгдэв. Тэрний нэг нь “Одоогийн ерөнхийлөгч болон УИХ-аас татгалзах уу” гэсэн асуудал. Хэрвээ санал асуулгаар ард иргэд одоогийн ерөнхийлөгч болон УИХ-аас татгалзахгүй гэх юм бол тэд хуралдайн зорилго болон тэмцлийг өөрчлөнө гэж Г.Уянга хэлсэн. Тэдний хэлж байгаагаар хуралдайн үеэр ямар нэгэн ширүүн уур амьсгал, үйлдэл гарахгүй гэнэ. “Хурлын үеэр хэрвээ хүмүүсийн дунд зодоон цохион, цонх шил хагалах мэтийн ширүүн үзэгдэл гарах юм бол тэр нь өдөөн хатгагчид л байх болно гэж бид үзэж байна. Учир нь бид өөрсдөө ийм хэрэг гаргахаас сэргийлж хамгаалсан байгаа.”гэж П.Болд хэлэв. Энэ үеэр хөдөлгөөнүүд ХЗХ-ны хохирогчдыг өөрсдийн анхааралд авсан гэдгээ мөн мэдэгдсэн юм. “Төр засаг хүнээ ер тоохгүй байна. Өчнөөн ээжүүд хүүхдээ тэврэн, өлсөж даараад сууж байхад хайхрахгүй байна. Албан ёсоор мэдэгдье. Хөдөлгөөнүүд маань иргэдийнхээ төлөө байдаг учраас тэдгээр хүмүүсийг өөрсдийн анхааралдаа авсан.”гэж Г.Баасан хэллээ.
|







