MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Цагдаагийнхан үүр цайхаас өмнө өлсөгчдийг хүчээр дотогш оруулав Хэвлэ Имэйл
Бичсэн: B.Bulgamaa   
Friday, 20 October 2006
Пүрэв гаригийн өглөө 4 цагт Сүхбаатарын талбайд суулт хийж байсан найман ХЗХ-дын хохирогчдыг бүслэн авч, тэднийг Бүтээн байгуулалт Хөгжлийн сангийн байранд хүчээр оруулсан аж.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэв журмын хэсгийн дэд дарга, дэд хурандаа А. Энхбаяр байр дулаахан байсан учраас өлсөгчдийг тийш оруулсан гэв. Гэвч тус үйл явдлын дунд заримынх нь хувцас урагдсан өлсөгчид үүнийг Засгийн газрын сүрдүүлэг гэж үзэж байв.

“Цагдаагийнхны хүчийг бидний суултын эсрэг ашиглахдаа бидэнд сэтгэл санааны шахалт үзүүлж байна гэж өлсөгчид ойлгож байгаа,” хэмээн Нью Болор Оргил ба Глоб ХЗХ-дын хохирогч болон өлсөгчдийн төлөөлөгч Ж. Хуваа өгүүлэв.

“Бидний хохирлыг барагдуулах талаар Засгийн газар шийдвэр ч гаргаагүй байж бидний тэмцлийг зогсоохын тулд хүчээ ашиглаж байгааг бид ойлгохгүй байна.”

Өлсөгчдийн ярьж байгаагаар цагдаагийнхан Сүхбаатарын талбайд фургонтой ирж, тэдний майханг нураан, өлсөгчдийг хоёр талаас нь сугадаж, машин руу суулгажээ.

Тэднийг хүчээр Бүтээн байгуулалт хөгжлийн сангийн байр руу оруулсан аж. Цагдаагийнхан үүдэн дээр нь нэг цаг шахам манаж зогсоод, явсан гэнэ. Дараа нь эмэгтэйчүүд эргэн Сүхбаатарын талбай руу явж, бүгд эсэргүүцэл үзүүлж үсээ тайруулсан байна.

“Засгийн газар биднийг хоригдол мэт үзсэнийг бид ийнхүү илэрхийлж байна,” гэж Хуваа ярьлаа.

Дэд хурандаа А. Энхбаяр цагдаагийнхан өлсөгчдөд ямар нэгэн хүч хэрэглэснийг үгүйсгэж байв.

“Цагдаа нь Сүхбаатар дүүргийн захирагчийн тушаалыг биелүүлсэн болохоос өлсөгчдийн эсрэг хүч хэрэглээгүй. Бид хуулийн хүрээнд тэдний эсрэг албадан арга хэмжээ авсан” гэж тэр хэлэв.

Түүний мэдэгдсэнээр цагдаагийнхан тэднийг өлсгөлөнгөөс болж эрүүл мэндэд нь учрах аюулаас хамгаалж, мөн хүйтнээс хамгаалахын тулд Бүтээн байгуулалт хөгжлийн сангийн байранд аваачихдаа ердөө л үүргээ биелүүлж байсан аж.

Хэдий тийм боловч, цагдаагийнхан болон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан эмэгтэйчүүдийг жинхнээсээ өлсөөгүй бөгөөд зүгээр л суулт хийж байгаа хэмээн ярьж байна.

Хохирогчид анх өлсгөлөн зарлана гэхэд Сүхбаатар дүүргийн засаг дарга болон цагдаагийнхан тэднийг өдрийн цагаар талбай дээр сууж, шөнө хүйтнээс хамгаалахын тулд Бүтээн байгуулалт, хөгжлийн сангийн байранд хонох хэрэгтэй гэжээ. Гэвч хохирогчид энэ шаардлагыг хүлээж аваагүй байна.

Шинэчилсэн: ( Friday, 20 October 2006 )