MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Булшнаас авсыг нь гаргаж аваад түлээ болгодог байна Хэвлэ Имэйл
Бичсэн: Oyun-Erdene   
Thursday, 19 October 2006

Авсгүй, араг яс нь цементэн нүхэндээ үлдсэн хориод хуучин булшнууд “Далан давхар”-т байна.

Тэр хавьд нь амьдарч, оршуулгын газрын дундуур байнга явдаг хүмүүс  ухсан булш харсаар дасчихсан гэнэ. Тэдгээр булшууд дан хятад хүмүүсийх аж.

“Ухсан булш энэ хавиар дүүрэн шүү дээ. Гэрийн хажууд гавлын яс хэвтэж байх нь энүүхэнд.”

“Булш ухаж байгааг нь харж л байсан. Хэлээд хөөж үзсэн. Дахиад л ирээд ухчихдаг юм. Хүмүүс ухсан булш хараад нэг их цочирдохоо больчихсон байхаа. Үргэлж хажуугаар нь явж байдаг болохоор ухчихаж дээ гэж л харж байгаа юм чинь.” Н.Чулуун хэлж байв.

Тус газар оршин суугч П.Лхагваа булш ухах гол шалтгаануудын нэг нь түлшний мод болгох юм гэлээ. Хүмүүс гал түлэх модтой болохын тулд авсыг нь авдаг гэв.

“Хүйтэн орохоор түлшгүйдээд аваад явж байна гэсэн хүмүүстэй мэр сэр таарч байсан. Гэхдээ үүнээс өөр шалтгаан ч бас байдаг л юм шиг байна лээ. Зугаагаа гаргах гэж, юм олж идэх гэж, дотор нь хийсэн юмыг авах гэж гэх мэт.” гэв.

“Өнгөрсөн жилд булш ухах нь их байсан. Харин энэ жилд тийм хэрэг гарсан, шинийг ухчихаж гэсэн зүйл гараагүй.”гэж иргэн Я.Дэнсмаа хэлж байсан. Цагдаагийнхан ч үүнийг батлаж байна.

“Өнгөрсөн жил булш ухаад байна гэсэн дуудлага, санал гомдол их ирдэг байсан. Харин энэ жил тийм дуудлага ирээгүй,” гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн ажилтан мэдэгдэв.

Харин булш ухсан хүмүүс ихэнхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгуулаад өнгөрдөг байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 129-д зааснаар бол булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлсийг авсан бол албадан ажил хийлгэх ялаар шийтгэнэ гэсэн байдаг.

Шинэчилсэн: ( Friday, 03 November 2006 )