| Айвенхоугийн гэрээг хийхэд гадаадын мэргэжилтнүүд шаардлагагүй гэж Ч. Хүрэлбаатар хэлэв |
|
|
| Бичсэн: B. Bulgamaa | |
| Wednesday, 18 October 2006 | |
|
Оюу толгойн алт зэсийн томоохон төслийн “Айвенхоу Майнз”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байгаа Монголын засгийн газрын ажлын хэсгийн гишүүдэд гадаадын уул уурхайн мэргэжилтнүүдийн тусламж хэрэггүй гэж тус ажлын хэсгийн ахлагч Лхагва гаригт мэдэгдэв. “Бүх зүйл, заалтууд нь Монголын хуулийн хүрээнд хийгдэж байгаа тул хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахад бидэнд гадны мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагагүй,” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус ажлын хэсгийн ахлагч Ч. Хүрэлбаатар лхагва гаригт МонИнфод мэдээллээ. Тэрбээр гол асуудлууд нь татварыг чангатгах, байгаль орчин, байгаль орчны хамгаалалт ба зохицуулалт, усны асуудал ба дэд бүтцийн хөгжлийн асуудлууд юм гэв. “Хөрөнгө оруулалтын гэрээнд бид эдгээр асуудлуудтай холбогдох бүх хуулиудыг тусгах болно. Ажлын хэсэг маань өдөр бүр ажиллаж байгаа.” Тус гэрээг тогтоох гэж Монголын Засгийн газартай гурван жил шахам хэлэлцээр хийж байгаа Айвенхоу тус гэрээнд удахгүй хүрнэ гэсэн итгэлтэй хэвээр байна. "Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шуурхай шийдвэрлэх үндсийг энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнд тавигдах болно гэж бид итгэж байна," хэмээн Айвенхоугийн хуульзүй ба ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч ба Монголын засгийн газартай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажлыг дангаар хариуцсан төлөөлөгч Жон Фоньяани хэлэв. "Удаан хүлээж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг хийхийн тулд бид ноён Хүрэлбаатар ба ажлын хэсгийнхэнтэй ойр дотно ажиллахад бэлэн байна." Харин иргэний нэгдсэн хөдөлгөөнийхөн тус гэрээн дэх хамгийн чухал зүйл бол Монголын ард түмний эрх ашиг гэж мэдэгдсэн. “Хэрэв Засгийн газар Монголын ард түмний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж чадахгүй бол засгийн газар бүх хохирлыг үүрэх ёстой,” гэж үндэсний “Соёмбо” хөдөлгөөний удирдагч С. Ганбаатар хэлэв. Гэрээний тухай албан ёсны хэлэлцээр эхлэхээс өмнө Айвенхоу зарим материалуудыг бүрдүүлж өгөх ёстой гэж ажлын хэсгийнхэн ярьж байна. “Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг бид хэдий чинээ хурдан байгуулж чадна, төдий чинээ Монголын төр ба ард түмэнд ашигтай байх болно,” гэж Хүрэлбаатар хэллээ. “Шинэ татварын хуулийн багцын эцсийн хувилбарыг ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт авсан бөгөөд тэд шинэ хууль ба тэдгээрийн тус гэрээтэй холбогдох талуудыг хэлэлцэж байна.” Төслийн эхний 30 жилийн татвар ба хууль зүйн хүрээг тогтоох энэ гэрээ нь яамдын доод албан тушаалтнуудаар бус, уул уурхайн судлаачид болон эрдэмтдийн туслалцаатайгаар хийгдэх ёстой гэж Ганбаатар үзэж байна. “Ажлын хэсэг нь төрийн албан тушаалтан ба яамдын залуу ажилчдаас бүрдсэн байна. Тэдгээрт тус ашигт малтмалын томоохон гэрээг тогтооход шаардлагатай дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн туршлага байхгүй.” Өнгөрсөн долоо хоногт Соёмбо хөдөлгөөнийхөнтөй уулзсан Ерөнхий сайд ард түмэнд ашигтай гэрээ хийх нь чухал болохыг тэмдэглэж, тус үйл ажиллагааг нээлттэй байлгахын тулд иргэний хөдөлгөөний удирдагчтай хоёр долоо хоног бүр уулзахаар болжээ. Оюу толгойн төслийн гэрээг засгийн газар ба Айвенхоугийн хооронд хэзээ байгуулахыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэж Хүрэлбаатар хэлэв. (Нэмэлт мэдээллийг Льюк Дистелхорст хийв.) |
|
| Шинэчилсэн: ( Wednesday, 18 October 2006 ) |







