MonInfo
MonInfo

Friday, 29 August 2008
Шалгасан гишүүд сайдын буруу гэж үзэж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Friday, 13 October 2006

УИХ-ын гишүүн С.Ламбаа, Г.Адъяа болон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б. Батсэрээдэн , ЭМЯ-ны  тусламжийн газрын дарга Ш. Жаргалсайхан нар баасан гаригт   “Хавдар судлалын үндэсний төв”-ийн бодит байдалтай танилцаж, өнөөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Л. Гүндалайн буруу хэмээн дүгнэлээ.

Г.Адъяа гишүүний хэлснээр “Хавдар судлалын үндэсний төв”-ийн одоогийн байдал нь ЭМЯ-ны буруу ажиллагаанаас шалтгаалж байна гэнэ.

Эмч нарын тавьж байгаа шаардлага нь үнэхээр өвчтөнүүдийнхээ төлөө л юм байна. Ийм нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагыг удирдаад явж чадахгүй бол Л.Гүндалай огцрох хэрэгтэй. Эсвэл ажил хийж чаддаггүй сайд томилсноороо засгийн газар нь огцрох хэрэгтэй.” гэж Адъяа гишүүн МонИнфод баасан гаригийн үдээс хойш мэдэгдэв.

Г.Пүрэвдорж эмч бодит байдлынхаа талаар “Яаралтай хагалгаануудыг бид нар өөрсдөө хийж байгаа. Үлдсэн зургаан эмч нар нь амбулаторийн эмч нар байгаа юм. Хагалгаа хийх боломжгүй гэдгийг С.Ламбаа, Г.Адъяа гишүүд өөрсдөө харлаа. УИХ-д тайлагнаад хурдан энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж бодож байна.”гэсэн.

“Хавдар судлалын үндэсний төв”-ийн үйл ажиллагаа өнгөрсөн пүрэв гаригт эмнэлгийн 279 ажилтны 117 ба 72 эмч нарын 58 нь ажлаас халагдах өргөдөл өгсөний дараа бараг хаагдсан юм.

Үүний дараа халагдах өргөдөл өгсөн ажилчид ЭМЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, Гүндалай сайдтай уулзахыг ба  өнгөрсөн долоо хоногт түүний огцруулсан тус эмнэлгийн хуучин захирлыг эргүүлэн томилохыг шаардаж байв.

Гүндалай сайд эмч, сувилагч нартай баасан гаригт уулзана гэж хэлсэн боловч тус уулзалт өнөөдөр болохгүй байх гэж баасан гаригийн өглөө МонИнфод хэлсэн юм.

Би тэд нартай хэзээ уулзахаа товлоогүй. Өөрсдөө л холбоо барина биз.Тэд нар надтай уулзах цаг аваагүй байгаа,” гэж тэр хэлэв.

Энэ долоо хоногийн эхээр Гүндалай сайд Монгол Улсын цорын ганц болох “Хавдар судлалын үндэсний төв”-ийн үйл ажиллагаа халаалтгүйгээс болж зогссон хариуцлагыг хүлээхгүй гэж байсан.

Гэсэн хэдий ч өнөөдөр халаалтын асуудал шийдэгдэж, хүлээгдэж байсан мэс заслууд хийгдэж эхэлсэн гэж эмнэлгийн ажилтнууд ярив.

“Бүлээцэж ядсан паар ганцхан хагалгааны хэсэгт байвал болдог гэж Л.Гүндалай бодсон бололтой. Өвчтөн хагалгаанаас гараад өрөөндөө ороход л мөсөн хонгил байгаа юм чинь.” гэж Г.Пүрэвдорж эмч хэлж байлаа.

Адъяа болон Ламбаа гишүүд олж мэдсэн мэдээллээ УИХ-д тайлагнах агаад үүнийг тус нөхцөл байдлыг шийдвэрлэхэд маш чухал нөлөө үзүүлнэ гэж эмч нар үзэж байна.