MonInfo
MonInfo

Tuesday, 07 October 2008
Далан давхарын орчмын хог хаягдалд иргэд бухимдаж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: G. Oyun-Erdene   
Wednesday, 11 October 2006
Улаанбаатарын төв хэсгээс арван километр шахам зайтай орших Далан давхар нь алдсан нэгнээ дурсах газраас илүү хогийн цэг болж хувиран, хотын хүн амын өсөлтөөс болж олон асуудалд унаад байна. Тус газрын оршин суугчид цаашид оршуулгын газрын хог хаягдал улам ихсэнэ гэж айж байна.

“Шөнө болгон биш юмаа гэхэд өнжөөд ч юмуу, шөнө нь ачааны машинд ачсан хогоо иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энд авчирч хаядаг. Шөнөдөө ямар ч байсан нэг машин хог асгадаг.” гэж иргэн Е.Гантөмөр хэлсэн.

Оршуулгын газар амьдардаг, нэрээ нууцлахыг хүссэн манаач хог хаягдлыг хариуцсан хүмүүс хууль журмыг огт анхаардаггүй гэлээ.

Би ачаад ирж байгаа хүмүүст нь өчнөөн хэлсэн. Үг ямар авах биш,” гэж тэр ярив.

Барилгын материал, хагархай архины шил, үхсэн малын яс ба хуучин машины сэгээр дүүрсэн хог хаягдал нь оршуулгын газрын хажуугаар 300 метр шахам үргэлжилнэ. Зарим оршин суугчид тус хогноос хэрэгтэй зүйл олохоор хүмүүс хог ухдаг гэж ярьлаа.

“Ихэнхдээ хэрэггүй хог л байдаг. Гэхдээ хааяа гэрт хэрэгтэй зүйлс хаячихсан байдаг юм. Бидэнд хэрэгтэй лааз, сав бол энд хаяхгүй л дээ. Дандаа муу юм хаяна,” гэж лхагва гаригийн өглөө хог түүж байсан иргэн Г.Лхагвадорж МонИнфод хэлсэн юм.

Харин ойр орчмын гэр хорооллын зарим иргэд хогийг зөвхөн шөнөөр ирэх машинууд бус, мөн оршуулгын газрын хажууд амьдардаг айл өрхүүд хогоо энд асгадаг гэж ярих аж.

Хүмүүс бага суурьшдаг байсан үед ийм их байгаагүй.” гэж тус газар арваас дээш жил амьдарч байгаа Э.Хэрлэн гэгч эмэгтэй хэлэв.

Энд амьдарч байгаа иргэд ийм болоход бас нөлөөлж л байгаа. Хогийн цэг шиг шууд л гарч ирээд асгачихна.”

Хог хаягдлыг хариуцсан төрийн байгууллагууд тус оршуулгын газар ямар харьяалалтай болохыг мэдэхгүй гэлээ.

Чингэлтэй дүүргийн хот тохижуулалтын газраас лавлахад жижүүр нь, “Далан давхарын хэсгийг хариуцдаг 7 болон 8 дугаар хороо нь биеэ даасан. Тэд иргэдээс хураасан мөнгийг өөрсөддөө төвлөрүүлж, хогоо өөрсдөө цэвэрлэдэг. Тийм болохоор тухайн хорооныхон цэвэрлэх ёстой байдаг юм.” гэлээ.

Гэсэн хэдий ч оршин суугчид болон хорооныхон хэдий бие даасан байлаа ч дүүрэг үүнийг хариуцах ёстой гэх бөгөөд цэвэрлэгээ хийх ямар нэгэн төлөвлөгөөгүй байв.