MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Монгол-Солонгосын хоорондын захиалгат нислэгийг цуцаллаа Хэвлэ Имэйл
Бичсэн: D. Binderiya   
Tuesday, 03 October 2006
Улаанбаатараас БНСУ-ын Чонжу руу хийгддэг байсан АэроМонголия компанийн бүх нислэг Солонгосын Иргэний Агаарын Товчооноос зөвшөөрөл өгөөгүйн улмаас энэ 10-р сард цуцлагдахаар болсон талаар тус компанийн ажилтан Мягмар гаригт мэдээлэв.

Өмнө нь Чонжу руу долоо хоногт хоёр удаа нисдэг байсан АэроМонголия компанийн уг нислэг энэ аравдугаар сард нисэх зөвшөөрөл аваагүй байна.

"Солонгосын Иргэний Агаарын Товчоо АэроМонголия компанийн 10-р сарын турш нислэг хийх тухай хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй байгаа юм" гэж тус компанийн нислэг үйлдвэрлэлийн ажилтан Б.Амартүвшин ярьж байлаа.

"Бид 10-р сард билетээ захиалсан болоод худалдан авсан зорчигчдыг өөр бусад авиакомпанийн нислэгүүд рүү шилжүүлэх арга хэмжээ авах талаар ярилцаж байна" гэж тэрээр ярив.

Монгол болон Солонгос улсын хооронд байгуулсан Агаарын тээврийн гэрээ хэлэлцээрийн дагуу талууд харилцан тэгш эрхтэй байдаг бөгөөд УБ-Сөүл чиглэлд нислэг хийдэг Монгол улсаас МИАТ компани, Солонгосын талаас Кореан Эйр авиакомпаниуд нь албан ёсны томилогдсон, эрх бүхий зөвшөөрөлтэй компаниуд юм.

"АэроМонголия компанийн хувьд Солонгос руу захиалгат нислэг хийдэг. Нилээд том авиакомпани болох Асеан Аэрлайн компаниас Монгол улс руу нислэг хийх тухай хүсэлтийг Солонгосын талаас тавьсан. Гэвч манай талын Яам Солонгосын талын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм" гэж Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Аюулгүй ажиллагааны байнгын хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх ярьсан юм.

"Солонгосын бас нэг том авиакомпани Асеан Аэрлайн Монгол руу захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг тавиад байхад бидний зүгээс АэроМонголия компанийн захиалгат нислэг Солонгос руу хийх хүсэлтийг дэмжиж чадахгүй болоод байгаа юм" гэж Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Дарга С.Батмөнх өнөөдөр МонИнфод мэдэгдлээ.

"Монгол улс өөр нэг Солонгосын авиакомпанийн нислэгийг хүлээж авах болбол энэ нь иргэний агаарын тээврийн зах зээлд монополи байдлаар муугаар нөлөөлөх болно гэж бид үзэж байна" гэж Батмөнх дарга ярьсан юм.

"Уг шийдвэрийг манай улсын эрх ашгийн тусын тулд гаргасан, ямар нэг компанийн эрх ашгийн тулд биш" гэв.

АэроМонголия компани мөнгөө авахыг хүссэн зорчигчдод мөнгийг нь буцаан олгож байгаа тухай Амартүвшин ярьсан юм.