| “Намрын ногоон өдрүүд” эхлэж байна |
|
|
| Бичсэн: G. Oyun-Erdene | |
| Thursday, 28 September 2006 | |
|
Энэ сарын 29-ний өдрөөс дараа сарын 7-ны өдөр хүртэл “Мишээл экспо” төв
дээр үндэсний үйлдвэрлэгчдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд
таниулж, сурталчлах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэртэй
нэгдсэн арга хэмжээг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас анх удаа зохион байгуулах гэж
байна.
“Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Шилмэл мал” гэсэн гурван хэсэгт явагдах үзэсгэлэн яармагт нийслэл, хөдөө орон нутгаас нийт 300 орчим аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно. “Энэ үзэсгэлэнгийн бас нэгэн зорилго нь хүнс хөдөө аж ахуйн талаар цогц ойлголт өгч, танин мэдүүлэх явдал юм.”гэж ХХААЯ-ны сайд Д.Тэрбишдагва хэлсэн. “Эрүүл хүнс-2006” үзэсгэлэн нь “Мишээл экспо” төвийн А заалнад зохион байгуулагдах бөгөөд гурилан бүтээгдэхүүний 13, жимс хүнсний ногоо боловсруулах 7, мах махан бүтээгдэхүүний 10, исгэлт төрөл бүрийн ундааны 15 зэрэг томоохон үйлдвэр, нийт 100 орчим аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүний амтлагаат худалдаа явуулна. “Шилмэл мал” үзэсгэлэн нь гадаа талбайд 10 сарын 3ныг дуустал явагдах бөгөөд манай оронд өсгөж, үржүүлж буй шилдэг үүлдэр, омгийн 200 гаруй мал амьтад ирнэ. Тухайлбал Галбын говийн тэмээ, хар тарлан үүлдрийн үхэр, Орхон Ерөө, Хангай үүлдрийн хонь, Баяндэлгэрийн улаан, Эрчимийн хар ямаа, Оросын цагаан гахай, цацагт хяруул зэрэг өндөр ашиг шимт мал амьтадыг оролцуулна. “Алтан намар” үзэсгэлэн яармаг нь Б зааланд болох бөгөөд үүнд 8 аймгийн 40 гаруй сумын 130 шахам тариаланчид манай орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын төмс, жимс жимсгэнээр оролцоно. Энэ үеэр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нэрэмжит өдөрлөгүүд зохион байгуулагдаж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах жижиг үйлдвэрийн танилцуулга хийгдэнэ. Үзэсгэлэн яармагийн үеэр хүмүүсийн санал хүсэлтийг цуглуулан компьютерт оруулан нэгтгэх замаар хувь хүн, албан байгууллагуудад 25 номинациар 40 цом, өргөмжлөл гардуулах юм байна. Мөн НТЗГ-ын орлогч дарга Г.Балданшаравын хэлж байгаагаар “Мишээл экспо” төв рүү 13 чиглэлээс нийт 34 автобус үйлчилнэ. Үүнээс гадна хэрэглэгчид хүсвэл Сity, ТБ болон Сонд компанийн 25 такси албан ёсоор үйлчилж байх болно.” гэж ярьсан. |








