| ШУТИС-ийн ТУЗ сургалтын төлбөрийг бууруулах шийдвэр гаргалаа |
|
|
| Бичсэн: D. Binderiya | |
| Wednesday, 27 September 2006 | |
|
Өнгөрсөн 8-р сард 18-40 хувиар өсөөд байсан Оюутны сургалтын төлбөр одоо Монгол улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн (МУШУТИС) Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) шийдвэрээр 100 - 150 мянган төгрөгөөр буурлаа.
УИХ-ын гишүүн Ардчилсан намын гишүүн З.Энхболд тус сургуулийн ТУЗ-ийн даргаас огцорсны дараа ШУТИС-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Боловсрол, Соёл Шинжлэх ухааны Дэд сайд С.Төмөр-Очир "сургалтын төлбөр нэмэгдсэнээс хойш ТУЗ олон удаа хуралдсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргасан". "Төсөв бүрдүүлэх эх үүсвэрүүдийг бид дахин харж үзсэн. Ингээд өчигдөрийн хуралдаанаар хэлэлцсэний дүнд эрдэм шинжилгээ, сургалттай холбоотой мөн багш нарын цалин нэмэгдүүлэх болон лаборатори шинэчлэх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах зүйлсийг хэвээр нь үлдээе, харин бусад эх үүсвэр тухайлбал шинэ байр барих зэргийн зардлуудыг багасгаснаар сургалтын төлбөрийг бууруулах боломжтой гэж үзсэн" гэж ярьсан юм. Одоо тус сургуулийн сургалтын төлбөр нэгдүгээр курсийн хувьд хамгийн ихдээ 618,000 байсан бол 518,000 Төгрөг болсон. Харин хоёрдугаар курсийн төлбөр 480,000 төгрөг, гурав болон дөрөвдүгээр курсийн төлбөр 397,000 төгрөг болсон байна. Монголын Оюутны Холбооны Дэд Ерөнхийлөгч Ө.Энхтүвшин "ШУТИС-ийн төлбөрийг бууруулсан шийдвэрт бид сэтгэл хангалуун байна. Одоо нэгдүгээр курсын төлбөр дунджаар 9,8 хувиар өссөн харин гурав болон дөрөвдүгээр курсын төлбөр дунджаар 4,5 хувиар өссөн гэсэн үг боллоо" гэж ярьж байлаа. "Гэхдээ биднийг ШУТИС-ийн төлбөр нэмэгдсэн асуудалтай тэмцэж байх хооронд Монгол улсын Их сургуулийн сургалтын төлбөр дунджаар 20 хувиар нэмэгдчихсэн нь харамсалтай юм боллоо" гэсэн юм. Монгол улсын Их сургуулийн сургалтын төлбөр одоогоор бусад бүх улсын их дээд сургуулиудаас хамгийн өндөр байгаа юм. |








