MonInfo
MonInfo

Thursday, 28 August 2008
Дэлхийн банк Монгол дах бизнесийн “таатай” нөхцлийг судлав Хэвлэ Имэйл
Бичсэн: Robyn Garner   
Wednesday, 06 September 2006
Дэлхийн банк ба Олон улсын санхүүгийн корпораци хамтран хийсэн судалгааны тайланд Монголын импорт ба экспортын саатал, зээлийн хүндрэл бэрхшээл ихтэй хууль нь бизнесийн шинэчлэлт ба хөгжилд саад болж байна гэж дурьджээ.

Дэлхийн банкны лхагва гаригт хийсэн олон улсын видео чуулга уулзалтад “2007 оны бизнес эрхлэлтийг хэрхэн шинэчлэх вэ” тайланд, Монгол улсыг “Бизнес эрхлэлтийн таатай нөхцөл” гэсэн ангиллын дагуу дэлхийн 175 орноос 45 дах орон, мөн Зүүн Азийн бүсийн тавдах орноор шалгаруулсан боловч худалдаа арилжаа ба зээлийн хуулиуд нь цаашдын шинэчлэлтэд саад болж байгааг онцлон тэмдэглэв.

Бизнес эрхлэх төслийн менежер Карали Маклиш хэлэхдээ, Монгол улс хэдий харьцангуй энгийн бизнес хууль журмуудтай боловч барааг гэрээний дагуу импортлож байгаа газарт хүргэхэд 66 ба 74 өдрийн экспортын саад гарч байсан гэлээ.

Тэрбээр мөн Монголын зээл ба зээлийн барьцааны хууль журамд өөрчлөлт хэрэгтэй бөгөөд өнөөгийн хууль дүрэм нь банкуудад зээлийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байна гэв.

Дөрөвдэх жилдээ хийгдэж байгаа энэхүү тайлан нь орон бүрийн эдийн засгийн бизнесийн хууль ба захиргааны шаардлагуудыг 10 индикаторуудын дагуу шинжилсний дүнд улс орнуудыг бизнесийн таатай нөхцөл байдлын дагуу жагсаадаг. Эдгээр индикаторууд нь бизнесийн үйл ажиллагааг эхлэхээс дуусах хүртэл судалж, зөвшөөрөл олгох, ажилчид авах, өмч бүртгүүлэх, зээл, хөрөнгө оруулагчийн хамгаалалт, хил хоорондын худалдаа, гэрээ ба татвар зэрэг зүйлсийг хамруулдаг байна.

Энэ жилийн тайлан өмнөх жилийн бизнесийн хууль дүрэмд гарсан шинэчлэлтийн түвшинг судалсан юм. Монгол улс өнгөрсөн жилд 41 дэх байрыг эзэлж байсан бол дөрвөн зүйлээр ухарч, бусад орнуудын эдийн засагтай харьцуулахад өөрийн байр суурийг өсгөх хууль дүрмийн өөрчлөлт, шинэчлэлт хийгээгүй аж.

Монгол хамгийн өндөр 17 дах байрыг бие даасан ангилал буюу өмч бүртгэх ангиллын дагуу авсан нь тайлангийн дагуу тус үйл явц таван алхам ба 11 өдрөөс бүрддэг байна.

Монголын хамгийн доогуур эзэлсэн байр нь хил хоорондын худалдаа арилжаагаар 162 дах байрыг эзэлсэн явдал юм. Импорт ба экспортын үйл ажиллагаанд шаардагдах өдрүүдийн тоо Азийн бүсийн орнууд (импортод дунджаар 25.9 өдөр ба экспортод 23.9 өдөр) ба ЭЗХАХ-ийн орнуудыг (импортод 12.2 өдөр ба экспортод 10.5) хол давсан. Нэг контэйнер бараа экспортлоход 3000 гаруй ам. доллар төлдөг нь бүсийн дундаж (808 ам. доллар) ба ЭЗХАХ-ийн орнуудын дунджаас (811 ам. доллар) бас хол давсан байна.

Шалгаруултад орсон 175 орнуудаас хамгийн тэргүүний байрыг Сингапур эзэлж, хамгийн сүүлийн байрыг Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс эзэллээ. Зуун Азийн бүсэд хамгийн сүүлийн байрыг Тимор-Лестэ эзлэв.

Нийт шалгаруулалтаар 93 дах байрыг эзэлсэн Хятад улс Зүүн Азийн бүсэд хоёрдах байрыг эзэлж байгаа бөгөөд бизнесийн шинэчлэлтийн хурдаараа тэргүүний арван шинэчлэгчдийн жагсаалтад багтжээ.

Шинэчилсэн: ( Thursday, 07 September 2006 )