| УИХ-ын сонгуулийн 46-р тойрогт олон намын нэр дэвшигчид өрсөлдөхөд МАХН-д ашигтай болох магадлалтай |
|
|
| Бичсэн: B. Purevrentsen | |
| Wednesday, 02 August 2006 | |
|
Энэ удаагийн
нөхөн сонгуульд Ардчилсан нам, МАХН, ИЗН,
ҮШН, БНН, МУНН, Эх орон нам, Ард түмний нам зэрэг 8 нам нэр дэвшүүлж оролцох болсноор сонгогчдын саналыг хуваах ба Ардчилсан намаас ” өрх тусгаарласан” шинэ намууд
тодорхой санал авснаар МАХН-д ашигтай болох магадлалтай.
Нийт сонгогчдын дийлэнх хэсэг МАХН, Ардчилсан намд саналаа өгдөг бөгөөд бусад сонгогчид өөр намуудад саналаа өгдөг дүгнэлт олон удаагийн явагдсан сонгуулийн дүнгээр тодорхой болсон. Гэтэл Ардчилсан намын төлөө өгөх санал хуваагдана. Энэ тойрогт МАХН, Ардчилсан нам хоёр гол өрсөлдөгчид. 1996 онд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигч нийт сонгогчийн 91.50 хувь, 2000 онд МАХН-аас нэр дэвшигч 86.85 саналын хувиар УИХ-д сонгогджээ. 2004 сонгуулиар “Эх орон-Ардчилсан эвсэл”-ээс нэр дэвшигч 51.79 хувийн санал авч УИХ-д гишүүнээр сонгогдож байжээ. Эдгээр сонгогчийн саналын хувиас үзэхэд энэ тойрогт Ардчилсан нам, МАХН нийт сонгогчдын ихэнх хэсгийн итгэл найдварыг хүлээж байжээ. Гэвч Ардчилсан нам дотроос ҮШН, Ард түмний нам нь салан тусгаарлаж “мэндэлсэн” бөгөөд энэ нь Ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө өгөх саналын тоог хасагдахад хүргэж байгаа юм. ҮШН, Ард түмний намыг үүсгэн байгуулагчид болох Монгол улсын шадар сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай нар Ардчилсан намын гишүүд байсан. Тэд эдгээр намыг 2005 оны 12 сард , 2006 оны 5 сард Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд Ардчилсан намын хэсэг гишүүд намаасаа гарч эдгээр шинэ намд элссэн юм. Мөн ҮШН, Ард түмний намын тэргүүн болох М.Энхсайхан, Л. Гүндалай, Эх орон намын тэргүүн, УИХ-ын гишүүн, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нар “Эх орон Ардчилсан эвсэл”-ээс Хөвсгөл аймгийн 45, 47, 48 дугаар тойргоос сонгогдон УИХ-ын гишүүн болсон бөгөөд тус аймгийн сонгогчдод тодорхой нөлөөлөлтэй байгаа нь тодорхой. Мөн Ард түмний намаас тус намын дарга Л. Гүндалайн төрсөн дүү Л. Дэлгэрдалайг УИХ-ын 46-р тойрогт нэр дэвшүүлсэн нь санал авахад нөлөөлөх юм. Тэд Хөвсгөл нутгийн унаган иргэд юм. Монголчууд өөрсдийн нутгийн иргэдээ дэмждэг уламжлалт соёлтой улс. Мөн бусад ИЗН, БНН, Эх орон нам сонгогчдын тодорхой санал авна. УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд нам, эвсэл нэр дэвшигчийг сонгууль эхлэхээс 10 хоногийн өмнө нэрийг нь эргүүлэн татах эрхтэй байдаг. Эдгээр нам өөрсдийн нэр дэвшигчийг татаж, аль нэг нам, хөдөлгөөнийг дэмжих хэлбэрээр сонгуульд оролцохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн 2005 оноос үйл ажиллагаа нь идэвхжсэн иргэдийн хөдөлгөөнүүд сонгуульд оролцох боломжтой юм. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн АНУ-ын Ардчиллын үнэт зүйлсийн сан ТББ –тай хамтран 7 сарын 20-21 нд тус тойргийн 2000 сонгогчдын дунд түүвэр судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 35 хувь нь Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг, 23-24 хувь нь Ардчилсан нам, 18-19 хувь нь МАХН-ыг дэмжсэн гэсэн үзүүлэлт гарсан гэж тус хөдөлгөөний дэд тэргүүн О. Магнай мэдэгдэв. Иргэдийн хөдөлгөөнүүдийн суулт, жагсаал, Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах Засгийн газрын комисст орж ажилласан зэрэгт сонгогчид энэ удаагийн сонгуулиар үнэлэлт өгнө. Ямар ч байсан сонгогчдын тодорхой саналыг авах юм. Одоогоор гол өрсөлдөгч намууд сонгогчдын талаар судалгаа хийгээгүй байна. |







